Засгийн газраас 2015 онд түрээсийн орон сууц хөтөлбөрийг анх баталсан байна. Энэ үеэс иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг олноор ирүүлэх болжээ.
Төрийн орон сууцны корпорацид өнгөрсөн онд 7000 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг ирүүлсэн бол Өргөдлийн байнгын хороонд 400 орчим иргэн ханджээ.
Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйн тайлбараар бол Засгийн газрын тогтоолыг үндэслэн 360 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлжээ. Мөн ахмад настнууд түрээсийн байранд хамрагдах хүсэлт ирүүлснээс 265 нь квотоор хамрагдсан байна.
Ойрын хугацаанд 25 мянган айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэх боломжтой ч хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс энэ ажил зогсонги байдалд оржээ. Эрэлт өндөр байгааг харгалзан үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлага байна.
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 54 барилга байдаг. Гэвч алслагдсан газарт байдаг учраас дахин төлөвлөлтийн тендер зарлахаар бизнесийн байгууллага сонирхдоггүй. Барилгыг нураагаад шинээр барихад 101 тэрбум төгрөг шаардлагатай.
Урьдчилгаа төлбөргүйгээс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байх тохиолдол олонтаа гарах болсон. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуурыг өөрчлөх юм байна.
Ингэхдээ дахин төлөвлөлтөд хамрагдсан болон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг 7 хувь, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөжээ.
Урьдчилгаа болон зээлийн хүүг үүнээс илүү буулгах боломжгүй. Учир нь эргээд зээлээ төлөхөд ачаалал үүсгэх учраас хамгийн боломжит хувилбар гэж үзжээ.