Улаанбаатараас гарах бүх чиглэлийн замыг нээжээ

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч авто тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийг замыг өчигдөр хаасан. Тодруулбал,  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрийн 19:00 цагаас өнөө өглөөний 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан юм. Цаг агаарын нөхцөл байдал сайжрахгүй нөхцөлд хугацааг нь сунгахыг үгүйсгэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч хугацааг нь сунгахгүй байхаар болж Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн замыг өнөөдөр 07.00 цагаас эхлэн нээсэн гэдгийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Өнөөдөр өглөөний байдлаар бүх чиглэлд авто замын хөдөлгөөн нээгдсэн, одоогийн байдлаар явган шуурга шуурч байгаа бөгөөд замын засвар арчлалтын байгууллагууд, шуурхай ажлын хэсгүүд хариуцсан чиглэлдээ замын зорчих хэсэг дээр шуурч тогтсон, нарийссан хэсгүүдийг цэвэрлэн ажиллаж байна.

Иймд хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн хувийн бэлтгэл болон авто машины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар ханган зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.