Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь чиглэлийн авто замуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байгаа талаар замын цагдаагийн газраас мэдээллээ.
2 дугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан юм.
Одоогийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй хэдий ч Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь чиглэлийн авто замуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан байх бөгөөд хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна. Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам орох чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна. Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн авто замыг сонгон зорчихгүй байхыг анхааруулж байна.