Дээд шүүх О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзжээ

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр дүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэхээр товлон зарлаад байсан ч О.Баасанхүү нь материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан юм. 

Шүүх хуралд О.Баасанхүү гишүүн, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар оролцов.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хуралд ирээгүй бөгөөд түүнийг төлөөлж МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон  намын гишүүн Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар ирсэн юм.