О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр шийднэ

Улсын дээд шүүхийн  Иргэний хэргийн танхимд өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгэх тухай хүсэлтийг хэлэлцэнэ. Хуралдааны илтгэгч шүүгчээр П.Золзаяа оролцох  бөгөөд 10.30 цагаас эхлэх юм байна. 

МАХН-ын II Их хурлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын гишүүд өнгөрсөн сард зарлан, Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Тус хурлаар оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон юм. Тиймээс уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан юм. 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар уг шийдвэрийг эсэргүүцэж, О.Баасанхүү гишүүний зарлан хуралдуулсан их хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй. 

Улсын дээд шүүх хэрхэн шийдэхээс МАХН-ын даргын асуудал тодорхой болох юм.