Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газрын тогтоолоор байгуулсан Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны анхдугаар хуралдааны эхэнд “Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай таван хороог байгуулсны нэг нь тус хороо юм. Иргэдээс авсан судалгааны үр дүнд иргэд төрийн үйлчилгээг авахад ихээхэн хүндрэлтэй байгаа нь анзаарагдсан. Тиймээс цахим засаглалд шилжих ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, төрийн бүх шатны байгууллагуудад үүссэн давхцалыг байхгүй болгохын зэрэгцээ бүтцийг оновчтой болгоход уг хороо голлон чиглэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн төрийн бүх байгууллагуудын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, мэдээллийг иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөр хүлээн авч, хариу, мэдээлэл өгөх эргэх холбоотой ажлыг эрчимжүүлэхэд Үндэсний хороо анхаарах шаардлагатай байна.” гэв.

Үндэсний хороо нь цахим засаглалд бүрэн шилжиж, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй болох, чадварлаг мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх, авлигаас ангид, хүнд сурталгүй нээлттэй эерэг нийгмийг бий болгоход голлон анхаарч ажиллана.

Тус үндэсний хороо нь цахим засаглалд бүрэн шилжиж, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй болох, чадварлаг мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх, авлигаас ангид, хүнд сурталгүй нээлттэй эерэг нийгмийг бий болгоход голлон анхаарч ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт уялдсан төлөвлөгөөг боловсруулсны дотор цахим засаглалд бүрэн шилжихэд шаардлагатай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж иргэдэд ээлтэй, хялбар болгох, төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг цахимжуулах, төрийн зарим чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг үндэслэн чиг үүргийн давхардлыг арилгах, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх зэрэг нийт 25 ажил багтжээ.

Үндэсний хорооны төлөвлөгөөг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яам, төрийн байгууллагууд давхардсан бүтэц үүсгэхгүй байх шаардлагатайг онцлоод, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцлагатайгаар иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр ажиллах нэгдсэн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хорооны бүрэлдэхүүнд даалгав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР