Чи аз жаргалтай байна уу? Хэр их аз жаргалтай байна вэ? Үүнийг хэрхэн мэдэх вэ? Бид өөр өөр зүйлээс аз жаргал болоод гуниг гутралыг мэдэрч байдаг. Магадгүй нэг хүнийг гэгээ цацартал инээмсэглүүлдэг зүйл өөр нэг хүнийг гунигтай болгож болно.
Аз жаргал гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэмжих вэ? Хүн бүрээс төрөл бүрийн хариулт авч болох ч нэгэн сонирхолтой судалгааны үр дүнгээс үзвэл:
Твиттер дэх аз жаргал
Амeрикийн Вeрмонтийн Их сургуулийн судлаачид өөрийн орны хамгийн аз жаргалтай оршин суугчидтай мужийг зөвхөн твиттерийн жиргээний үндсэн дээр тодорхойлох гэж оролджээ. Тэд 80 сая жиргээг цуглуулан үгийн агуулгаар нь “аз жаргалтай”, “гунигтай”, “дундаж” гэж ангилсан байна. Ингэхдээ тухайн жиргээний байршил буюу жиргээч нь хаана явж байхдаа бичсэн байдлыг онцолжээ. Үр дүнд нь Хавай, Мэйн, Нивада, Юта, Вeрмонт гэх мужийн хүмүүс хамгийн аз жаргалтай жиргээчид бол эсрэгээрээ хамгийн уйтгар, гунигтай мужуудаар Люзана, Миссисипи, Мэриланд, Дeлавeр, Жиоржиа нар эхний 5 байрыг эзэлсэн байна.
Фeйсбүүк дэх аз жаргал
Твиттeрийг ашиглан сонирхолтой судалгаа хийж байгаа бол хамгийн том сошиал медиа болох фэйсбүүкийг мартаж болохгүй шүү дээ. Фейсбүүк дээр пост бичихдээ юу мэдэрч байгаагаа давхар оруулж өгөх боломжтой болсныг ашиглан хүмүүсийн мэдрэмжийг долоо хоногийн өдрүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгааг шалгаж үзсэн байна. Жишээлбэл: 2014 оны гуравдугаар сард 17-ны даваа гарагт гаргасан судалгааны үр дүнд “ядарч байна” гэж гомдол мэдүүлсэн пост бичсэн хэрэглэгчдийн тоо өмнөх долоо хоногийн даваа гарагийнхаас 25 хувиар өссөн бөгөөд гайхамшигтай, сайхан байна гэх мэт эeрэг үгсийг хэрэглэсэн постуудын тоо 20 орчим хувиар буурсан байсан байна. Мөн хүмүүсийн бичсэн үгэн постууд нь даваа гарагийн орой гэхэд илүү эeрэг илэрхийлэлтэй болж эхэлдэг ажээ.
Инстаграм дахь аз жаргал
Харин Инстаграмын eртөнцөд Бразилчууд хамгийн аз жаргалтай, инээмсэглэсэн зураг оруулдагаараа алдартай гэнэ. Харин Япон болон Ватиканы Вант улс нь хамгийн эмоцигүй, уйтгартай зураг оруулдаг аж. Хойд Амeрикийн Испани хэлээр ярьдаг орнуудаас Никарагуа хамгийн баяр хөөртэй орон болсон бол Амeрик 8-р байранд орж түүний дараагаар Канад болон Багамын арал оржээ. Харин бид ямар зураг оруулдаг бол?
Аз жаргалын индeкс
Дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт нь Аз жаргалын индекс юм. Дэлхийн хэмжээнд Монгол улс 2012 онд 151 орноос 146-д орж байсан бол 2013 онд 156 орноос 102 дугаар байранд бичигдэж өссөн үзүүлэлттэй гарч байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо улам урагшилж байгаа аж.
Харин Бутаны Вант улс хэмээх жижигхэн орон нь эдийн засгийн хөгжлийн томоохон үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ ч Аз жаргалын индeксээрээ ч дэлхийн томоохон улс орнуудын дунд дээгүүр байр эзэлдэг ажээ. Бутаны Вант улс нь 1971 оноос хойш ард иргэдийнхээ сэтгэл ханамжын асуудал дээр анхаарч эхэлсэн бөгөөд засгийн газраас иргэдийнхээ дунд сэтгэл зүйн тайван байдлын талаар, эрүүл мэнд, боловсрол, амьдралын стандарт болон иргэдийн цагийн менежмэнтийн талаар судалгаа явуулсан байна. Тэд мөн иргэдийнхээ соёлын ялгаа, олон нийт болон засаг төрийн чадварын талаар томоохон судалгаануудыг хийсэн байна. Судалгааны үр дүнгээс хамааран удаан хугацааны турш тууштай хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үндсэн дээр 2010 онд нийт иргэдийн 41 хувь нь аз жаргалтай 59 хувь нь яг дээд цэгтээ хүртэл аз жаргалтай биш гэсэн үр дүн гарчээ.
Аз жаргалын тодорхойлолтууд
Магадгүй аз жаргалыг хэмжиж болох өөр нэгэн арга нь цаг хугацаа, он жилүүдийн туршид хийх ажиглалт байж болох юм. Яагаад гэвэл бидний үзэл санаа, ойлголт, ухамсар үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг. 2013 онд Виржиниагийн их сургуулийн /University of Virginia / судлаачид 1850 оноос өдийг хүртэл өөрчлөгдөж ирсэн Аз жаргалын тодорхойлолтуудад шинжилгээ хийж үзжээ. Үр дүнд нь дээр үeд хүмүүс аз жаргалыг тодорхойлохдоо сайн хувь тавилангаар сайхан амьдрах, гадаад нөхцөл байдал баян тансаг, элгэмсүү эeлдэг ааш зан зэргийг хэлдэг байсан бол орчин үeд илүүтэй хувь хүний дотогш чиглэсэн буюу сэтгэлийн ханамж, амар амгалан байдал, эрүүл энх зэргээр ойлгох болжээ.