ЭЕШ: Энэ жил 40420 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг маргааш 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн маргааш 14:00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл;

15-16 настай 27 шалгуулагч
17 настай 1675 шалгуулагч
18 настай 25082 шалгуулагч
19 настай 13636 шалгуулагч байна.

Шалгуулагчид шалгалтад дараах 4 баримт бичигтэй ирнэ.

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
2. Бүртгэлийн хуудас /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
3. Суудлын хуваарь /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг