Шинэ цэвэрлэх байгууламжийн биореакторын барилга угсралтын ажил 40 хувьтай байна

Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17.6 га газарт барихаар төлөвлөгдсөн. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн болон бусад холбогдох албаныхан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гүйцэтгэлийн явцтай танилцаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох /1.0/ нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250,000 м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой.

Шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020-2023 онд хийж гүйцэтгэнэ. Байгууламжийн туршилт тохируулгын ажлыг 1.6 жил хийж гүйцэтгэхийн хамт тус цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажиллагсдын чадавхыг нэмэгдүүлэх, дадлагажуулах ажлыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдах юм.

Цэвэрлэх байгууламж бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн. Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэж гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ.

Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад Эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм.

Төслийн барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар эхлүүлж, 2020 оны 8 дугаар сард үндсэн байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор “А” болон “Б” биореакторын барилга угсралтын ажил 40 хувьтай, хоёрдугаар тунгаагуур, лаг өтгөрүүлэгч, захиргаа болон зам гүүрийн барилгын ажлуудыг эхлүүлээд байна.

Нийт төслийн барилга угсралтын ажлын явц 28 хувьтай байна. Төслийн талбайд гадаадын 50 ажилчин, монгол талын 450 инженер техникийн ажилчид ажиллаж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК ба “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын БНбД бусад олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголия” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

ТЭЗҮ-г Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулсан.

Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, 5 хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцахаар тус тус заагдсан билээ.

Барилга, хот байгуулалтын яам