Нийслэлийн ИТХ-аар "Аз жаргалтай хот" хөтөлбөрийг баталсан билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дээрх нэр бүхий хөтөлбөрөө 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Ингээд хотын удирдлагуудын баталсан хөтөлбөрөөс онцлох 20 заалтыг хүргэж байна.
- 1. Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн Эмээлтийн "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" байгуулна.
- 2. Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, жинг бууруулахад чиглэсэн Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна.
- 3. Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна.
- 4. Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлнэ. Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, гарааны компаниудыг дэмжинэ.
- 5. Улаанбаатар хотын дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих борлуулалтын нэгдсэн төвийг барьж, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- 6. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бизнес инкубатор төв байгуулна.
- 7. Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно.
- 8. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв /морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтыг татна.
- 9. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар тусгай бүс” байгуулна. "Улаанбаатар брэнд” /UB brand/ бий болгоно.
- 10. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
- 11. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.
- 12. Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлнэ. /эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермер, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлал/
- 13. Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын орчимд “Аэро сити” хот байгуулна.
- 14. Хөшигийн хөндийн хурдны зам барьж, Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.
- 15. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот 2030" төсөл хэрэгжүүлж, хүрэх үр дүнг тодорхойлно.
- 16. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлнэ.
- 17. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар анхан шатны эмнэлгийн стандартыг хангасан барилга, лабораторийн тоног төхөөрөмжтэй загвар 10 өрхийн эрүүл мэндийн төв шинээр барина.
- 18. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ”Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого-тогтвортой амьдрал” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
- 19. "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллана. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын харилцаа холбооны зардлыг хэмнэх зорилгоор тоон технологийн дэвшилтэт системийг нэвтрүүлнэ.
- 20. Явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх үүднээс “Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.