Гэртээ ганцаараа (Home Alone)
Найруулагч Крис Коламбус «Гэртээ ганцаараа» киног 1990 онд хийж, түүнээс хойш нэг ч шинэ жил энэ киногүйгээр өнгөрч байсан түүх байхгүй. Гайхамшиг байдаг гэдэгт итгэх итгэлээ алдалгүй, гав ганцаар дайсан этгээдтэй үзэлцэж ялдаг бяцхан хүүгийн түүх бидний зүрх сэтгэлд гүн шингэжээ.
Чарли ба шоколадны үйлдвэр (Charlie and the Chocolate Factory)
Ийм гайхалтай үлгэрийг амилуулсан Тим Бертоныг өөрийг нь шидтэн гэж хэлж болно. Киноны санаа, тайзны засалт, хурц хошигнол, тусгай эффектүүд, жүжигчид, тэдний дүр гээд л бүх зүйлийг маш нарийн бодолцон гаргаж, бидэнд баярын сайхан уур амьсгалыг бүрдүүлж өгсөн шилдэг кино юм.
“Хуучин” Шинэ жил (New Years Eve)
Хорвоогийн бүх хүмүүсийг нэгтгэсэн шинэ жилийн шөнийн тухай сайхан кино. 2 цагийн хугацаанд бид хоорондоо учиг шижмээр холбогдсон 8 түүхийг сонирхож, бие биеэ хайрлах, уучлан өршөөх, үнэлэх цэнэлэх гэж юу байдгийг дахин нэг удаа ойлгож бишрэх болно.
Алдагдсан зул сар (Lost Christmas)
Энэ кинонд ид шид, бодит эмгэнэл хоёр хутгалдсан боловч огтоос гаж санагдахгүй. Сониноос улаан хацарт Санта-Клаус, зул сарын чимэглэл хоёр харьцангуй бага гарах боловч, нэг хосгүй зүйл бий. Юу болохыг нь киногоо үзээд мэдээрэй.
Зул сарын түүх (A Christmas Carol)
Манай жагсаалтанд орсон цорын ганц хүүхэлдэйн кино. Хүүхдүүдэд зориулагдсан гэхээсээ илүү томчуудад ухаарал хайрлах байх. Чарльз Диккенсийн сонгодог зохиолыг анимешн болгон амилуулж, Зул сарын шидэт түүх болгосон хосгүй бүтээл. Амьдралын баяр баясгалан, урам зоригоо алдсан хэн боловч эргээд гэрэл гэгээ рүү ирж болдгийг санхүүч Скружийн жишээнээс харж болно.
Харри Поттер, философийн чулуу (Harry Potter and the Sorcerer’s Stone)
Залуу шидтэн Харри Поттер болон түүний нөхдийн адал явдал Зул сартай огт холбоогүй ч, баярын өдрүүдийг энэ киногүйгээр төсөөлөхийн аргагүй. Магадгүй шинэ жилийн шидэт уур амьсгалд мансуураад үл үзэгдэгч нөмрөг нөмөрч Хогвардсын нууцлаг хонгилоор алхан, шидэт дохиураар ганц шившээд уул шиг их амттан бий болгох хүслэнд автдаг юм болов уу?
Зул сарын бэлэг (Jingle All the Way)
Жаахан гэнэн, үнэмшил багатай ч, хөгжилтэй, жинхэнэ баярын уур амьсгал оруулдаг энэ инээдмийн кинонд хүүхдүүдээ баярлуулах гэсэн аавуудын өрсөлдөөн гарна. Ялангуяа Арнольд Шварценеггер аймшигт киборгуудтай биш, өөр шигээ хүүхэддээ хайртай аавуудтай тулалдаж байгаа нь инээдтэй.
Багт наадмын шөнө (Карнавальная ночь)
Оросын найруулагч Эльдар Рязанов “зууны” гэж хэлж болохоор хосгүй бүтээл туурвисан юм. Оросын “примадонна” Людмила Гурченко идэр залуу ахуйдаа «Өөдрөг сэтгэл үргэлж та нартай хамт байг!» гэж дуулсан дуу өнөө үеийг хүртэл домог болон үлджээ.
Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусан паян (Ирония судьбы, или С легким паром!)
Энэ кино Өвлийн өвгөн, Цасан охин, гацуур мод, шампанскны нэгэн адилаар шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон гэхэд илүүдэхгүй. “Хувь заяаны эргүүлэг” кино бол гарах бүрдээ л хүмүүсийг улам дотносуулж байдаг хуучны сайхан түүх билээ.