Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Монголд зуун хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн судалгаа бий. Утаа, агаар, орчны бохирдлоос болж энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан. Цаашдаа ч дэмжиж ажиллана” хэмээлээ.
Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.
“Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхан Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан бөгөөд энэ 2017 онд л гэхэд Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэхүү ажлаа үргэлжлүүлж байгаа юм.