Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо.
Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор НЗДТГ, МҮЭХ, Монголы ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Шагнал гардуулах арга хэмжээг нээж Нийслэлийн Засасг дарга бөгөөд Улаанбаатар холтын Захирагч С.Батболд “Нийслэлийн 2017 оны ”Хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсч, баяр хүргэе. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 28 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо. Та бүхнийг өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Нийслэлийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Ж.Эрдэнчимэг, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Буянжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн теле камерын хяналт хариуцсан зохицуулагч, ахмад Л.Отгонбаяр нар тодорсон байна. Мөн “ЗМЗ” компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер Т.Батцэцэг, 86 дугаар цэцэрлэгийн багш П.Болортуяа, 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Түвшинжаргал, 126 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Х.Мэндбаяр, 209 дүгээр ус түгээх байрны ус түгээгч Б.Чанцалдулам нарын 28 иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайллаа.
2017 онд хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, цаашдаа улам бүр эрч хүчтэй ажиллах урам зориг өгч, шагнал гардуулсанд Хотын удирдлага болон холбогдох албаныханд талархаж буйгаа нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд илэрхийлээ. Мөн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллахаа хэлж байв.
Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар “Нийслэл 1.3 сая гаруй хүн амтай. Үүнээс ажил хөдөлмөрөөрөө шалгарсан аваргууд өнөөдөр тодорлоо. Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” маш өвөрмөц хамгийн хүндтэй шагнал. Ердын ажилтнаас хурандаа хүртэлх бүх албан тушаалын хүмүүс шалгардаг. Энэ жил нийслэлийн хөгжлийн төлөө зүтгэсэн аваргуудад ажлын хамт олонд амжилт хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.