БНХАУ-ын Тяьнжинь боомтод тавдугаар сараас хойш саатсан ачаа барааг хилээр нэвтрүүлэх тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ийн Тээвэр, зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсангаас тодрууллаа.
-Гадаад харилцааны яам Тяьнжинь боомтод гацсан ачаа барааг нэг сарын дотор хилээр нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн. Дээрх ачаа барааг тээвэрлэх бэлтгэл ажлыг УБТЗ хэдэн хувьтай хангасан бэ?
-УБТЗ 645 вагоноор экспорт, импортын чингэлэг тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Одоогоор ажлын паркад 48 зүтгүүр ажиллаж байна. Хоногт Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид Монгол Улс руу орж ирж буй импортын ачаатай 100-150 чингэлгийг 2-3 галт тэргээр ачиж тээвэрлэх бүрэн боломж, хүчин чадал бий. Өдгөө хоногтоо Замын-Үүд Улаанбаатар чиглэлд импортын чингэлэг ачсан хоёр орны хоёр галт тэрэг аялж байна. Мөн Улаанбаатар Эрээн чиглэлд хоёр галт тэрэг явж байгаа. Тиймээс УБТЗ ХНН-т импортын чингэлгийг тээвэрлэх техникийн болон ажиллах хүчний нөөц, хүчин чадал бүрэн бий. УБТЗ ХНН-т БНХАУ-ын хилээс Эрээн өртөөгөөр дамжин Замын-Үүдэд орж ирсэн импортын чингэлгийг Хятадын вагоноос шилжүүлж ачин Улаанбаатар болон Толгойт, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар өртөө рүү тээвэрлэх хөдлөх бүрэлдэхүүний болон зүтгүүрийн хүрэлцээ хангалттай байгаа.
-Ачаа бараа нэлээдгүй хугацаанд саатсан учир тээвэрлэлтийн үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Ачаа тээврийн үнэд өөрчлөлт орох уу?
-Тухайлбал, Замын-Үүд Улаанбаатар чиглэлд 40 тонны чингэлэг тээвэрлэхэд доторх ачаа бараанаас нь шалтгаалаад 1 400 000 – 2 500 000 төгрөгийн үнэ тарифтай байдаг. Энэ тарифт өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.
-Саатсан ачаа барааг нэг сарын хугацаанд амжиж нэвтрүүлэхийн тулд экспортын бараа чингэлэг тээвэрлэдэг вагонуудыг ашиглах боломжтой юу?
-УБТЗ ХНН ачаа тээвэрлэлтийн 3600 орчим вагоны парктай. Тиймээс заасан хугацаанд зохион байгуулалт хийгээд импортын чингэлгүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэх бүрэн боломжтой.
-“Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдлаас шалтгаалан төмөр замын зорчигч тээвэр 2020 оны арваннэгдүгээр сараас хойш түр хугацаанд зогссон. Зорчигч тээврийн вагоноор зорчих хүсэлтэй иргэн олон байна. Энэ асуудалд хариулт өгөөч?
-Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зорчигч тээврийн вагоноор зорчих гэсэн иргэдийн эрэлт нэмэгдсэн нь мэдрэгдэж байгаа. Зорчигч тээврийн вагонууд зорчиход бэлэн. Гэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед мөрдөх дүрэм журмыг галт тэргээр зорчигчдод хэрхэн мөрдүүлэх, хүн хоорондын дунд ямар хэмжээтэй зай баримтлах зэрэг асуудлууд шийдэгдчихвэл УБТЗ-ын зүгээс зорчигч тээврийн галт тэргээ явуулж эхэлнэ.
Эх сурвалж: Moнголын мэдээ