Сүхбаатар аймгийн ИТХ хурлаа хийж чадахгүй, МАН-ын гишүүд хүч түрж хууль бус шийдвэр гаргадаг, тамга тэмдэггүй албан бичгүүдээр ажил явуулах болжээ. Тус аймгийн ИТХ 33 суудалтай. Орон нутгийн сонгуулиар АН 17, МАН 16 суудал авсан. Гэтэл МАН-ынхан АН-ын эрхийг хэрэгжүүлэхгүй, тэр бүү хэл хууль хяналтын байгууллагуудтай хуйвалдан төлөөлөгчдийг эгүүлэн татуулах, ямар ч үндэслэлгүйгээр шүүх, цагдаа дээр шалгаж байгаа нэртэй удтал байлгах зэргээр гацаа үүсгэж ирсэн.
Өдгөө хоёр нам 16, 16 суудалтайгаар үйл ажиллагаа явуулж буй.Энэ байдалтай холбоотойгоор өнөөдөр тус аймагт аливаа асуудал шийдэгдэхгүй байх, хурлын дэг зөрчигдөх, төсөв батлагдахгүй байх, санал тэнцсэн ч зөвшилцөлд хүрэхгүй талцах явдал газар авч, орон нутгийн ажил зогсчээ. Энэ талаар мэдээлэхээр тус аймгийн ИТХ дахь АН-ын гишүүд нийслэлд ирж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд хандав.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын үндэсний бодлогын зөвлөлийн хорооны гишүүн Д.Хосбаяр “Манай аймаг өнгөрсөн хоёр жил тойрон ийм байдалтай явж ирлээ. Улаанбаатарт ирж жагсаал хийсэн, аймагтаа гэр барьж суулт зарласан гээд бүхий л үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа байх. МАН-ынхан орон нутагт хууль завхруулж, ИТХ-ын даргыг цөөнхөөр хуралдан огцруулчихсан хэмээн тамга, тэмдэггүй шийдвэр гаргаад байна. Энэ асуудлаар бид Засгийн газар, ЗГХЭГ, Сангийн яам гэхчлэн холбогдох бүх газарт албан бичиг явуулсан. ИТХ хурлаа хийж чадахгүй аймаг төсвөө баталж чадахгүй байна” гэв.
ИТХ-ын төлөөлөгч Д.Шижирбаатар “Аймгийн ИТХ энэ сарын 13-нд тавдугаар хуралдаанаа хийж шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотой ИТХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх асуудлын дараалалд Засаг дарга З.Энхтөрийг огцруулах асуудал оруулах санал гаргасан. Гэтэл ИТХ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталж чадахгүй санал тэнцсэн.
Иймд ИТХ-ын дарга Б.Мөнхбат зөвшилцөлд хүрээд хуралд орж ир гээд хурлыг завсарлуулсан. Гэтэл МАН-ын бүлэг 16-уулаа сууж 48 хувийн ирцтэй хуралдан ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг огцруулан шинээр ИТХ-ын дарга сонгож, ямарч тамга тэмдэггүй шийдвэрүүд гарган Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчлөө. МАН-ын 16 төлөөлөгчийн өмнө нь ийм байдлаар хуралдаж гаргасан шийдвэрүүд болох Үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2017 оны төсвийг хууль бусаар зарцуулсан нь шүүхээр тогтоогдож хүчингүй болсон байтал дахин 48 хувийн ирцтэй хуралдсан нь хууль шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн байдлыг гаргалаа” гэв.