Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, хойд хэсгээр бороо элбэгтэй байна

Энэ сарын 10-наас эхлэн ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Тодруулбал, долдугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиу хэмжээтэй хур тундас орно.

Мөн говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Харин энэ сарын 9-нд төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр, нөөлөг салхи салхилна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халуун байна.