Гавьяат тамирчин, олимпын болон дэлхийн аваргын мөнгөн медальт “King Tug” Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаанаа ирэх долдугаар сарын 3-нд Калифорниа мужийн Карсон хотын “Dignity health sports park” цэнгэлдэхэд хийхээр боллоо.
Тэрбээр энэ удаад мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ зургаан удаа хүнд цохилтоор ялсан, нэг ч ялагдаагүй Крис Кольберттэй тулалдахаар болжээ.
“King Tug” Н.Төгсцогт өнөөдөр өөрийн сошиал хуудсаараа уг тулааны тухайд “Өөр тулаанд бэлдэж байсан ч гэнэтийн санал ирээд хүлээж авлаа. Дараа долоо хоногт уулзацгаая” хэмээн мэдэгдсэн юм.
Сонирхуулахад, Өнөөдөр гавьяат тамирчин Н.Төгсцогтын төрсөн өдөр бөгөөд тэрбээр 29 нас хүрч байна.