Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долоодугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох зөвлөмж хүргүүлсэн

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн Засгийн газарт хөл хорио тогтоох зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөлөөс одоогийн нөхцөл байдалд тооцоолол хийж үзээд долоодугаар сарын 1-нээс  хөл хорио тогтоох зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэсэн тооцооллыг гаргасан ч хөл хөдөлгөөний улмаас халдварын тархалт буурсангүй. Гэхдээ сүүлийн тоон мэдээллээс харахад энэ сарын 18-наас халдварын тархалт бага зэрэг буурч байгаа нь харагдаж байна. Цаашид долоо, наймдугаар сард тогтмол буурах тооцоололтой байна. Харин хөл хорио тогтоосноор халдварын тохиолдол эрчимтэй хурдан буурна. 

Цаашид халдварын тохиолдол буурах тооцоолол байгаа ч хөл хорио тогтоохгүй бол долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрэх тооцоолол байна. Тиймээс хөл хорио тогтоох санал гаргаад байгаа юм" гэлээ.