Д.Будзаан: Г.Номуундарийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа

Нийгмийн сүлжээнд иргэн Г.Номуундарь мансууруулах бодис, хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар бичлэг хийн түгээгээд байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодруулахад, “Иргэн Г.Номуундарийн гомдлын дагуу хэргийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Тодорхой ажиллагаа хийгдээгүй тул мэдээлэл нарийвчлан өгөх боломжгүй байна. Өргөдөл гомдол шалгах хугацаа дуусахаар мэдээлэл өгөх боломжтой. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдээлнэ” гэлээ.

Олон нийтийн зүгээс түүнийг тусгай хамгаалалтад авахыг шаардаад байгаа билээ. Тэгвэл албаны хүний хэлснээр шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр гэрч хохирогчийг төрийн хамгаалалтад авах боломжтой бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул тухайн иргэнийг хамгаалалтад авсан эсэхийг нийтэд мэдээлэх боломжгүй аж.