Францын

Францын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ”Lactalis” компанийн бүтээгдэхүүнээс сальмонелл гэгч бактери илэрчээ. Тиймээс хүүхдийн сүү болон бусад бүтээгдэхүүнийг нь  худалдаалахыг хориглож, зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг эргүүлэн татахаар болсон тухай тус улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагаас мэдэгджээ.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагийн шийдвэрийн дагуу Хятад, Тайвань, Пакистан, Афганистан, Ирак, Морокко, Ливан, Судан Румынь, Серб, Гүрж, Гаити, Грек, Колумб, Перу зэрэг орнуудад экспортолдог сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах юм байна. ”Lactalis” зарим бүтээгдэхүүнээ Африк, Азийн зах зээлд гаргадаг юм.

Дэлхийн томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Францын “Lactalis” компанийн хүүхдийн сүүнээс хордлого авсан 20 гаруй тохиолдол энэ сарын эхээр Францад гарсан тул тус компанийн 12 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах, худалдаанд гаргахыг нь хориглох шийдвэрийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагаас гаргасан байна.

Хордлого авсан хүүхдүүд сальмонелл гэгч бактерийн халдвар авсан нь тогтоогджээ.  Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зүгээр болсон гэж дээрх агентлагаас мэдээлжээ. Сальмонелл бактери нь сүүг буцалгаж хэрэглэсэн тохиолдолд устдаг гэж шинжээчид хэлж байна.