Гэртээ тусгаарлагдсан иргэд зөөврийн бүтүүмжилсэн хайрцгаар санал өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна хэмээн заасан. 

Тиймээс Ковид19-ийн улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх юм. 

ЭМЯ-наас мэдээлснээр, 4300 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж.

Эдгээр сонгогч нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтын хамт өөрийн харьяа хэсгийн хороонд санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлэн саналаа өгнө.

Дараах иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна хэмээн УБЕГ-аас мэдээлсэн.

-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
-Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
-Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч.

Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч нягтлан шалгана. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газар нь очиж авна.