УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуультай холбогдуулж нийт 38 журам гарах юм байна. Нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангаад хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж заажээ. Уг хуульд тусгаснаар төрийн жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоор болсон аж. Түүнчлэн багш эмч нарын хувьд удаан жилийн нэмэгдэл олгохоор болсон байна. Мөн 36 сарын тэтгэмжийг улс төрийн албан хаагчдаас бусад албан хаагчдад ижил олгохоор болжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үг хэлсэн юм. Тэрээр “Энэ хуулиар төрийн албаны чадахуйн буюу мэрит зарчмыг бүрэн нэвтрүүлж, улс төрөөс ангид, хараат бус, тогтвортой байдлыг хангах зохицуулалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ үндсэн дээр төрийн албан хаагчдыг ажлын туршлага, үр дүн, ажилласан жилийг нь харгалзан шатлан дэвшүүлж ажиллуулдаг байх тогтолцоо хэрэгжих юм. Хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй олон чухал заалт зохицуулалт тусгагдсан. Иймээс хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, санаачлагатай ажиллах шаардлагатайг Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад сануулъя” гэв.