Хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж, иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Тэр утгаараа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, батлуулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан мөн иргэн, албан хаагчдын энэ чиглэлийн чадавхийг нэмэгдүүлэх, хууль сурталчлах шаардлага үүссэн.
Иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үздэг.
Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хог хаягдлын талаар хууль, эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан семинарыг БОАЖЯ-наас зохион байгуулж байна. Семинараар Хог хаягдлын хууль эрхзүйн орчны шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг зэрэг өргөн асуудлын хүрээнд оролцогчид хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа юм. Мөн энгийн болон аюултай хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, утсгах, боловсруулах зэрэг асуудлаар холбогдох албаныхан илтгэл тавьж байна.
Олон улсын түвшинд хог хаягдлын цогц менежментийг бий болгон, хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах бодлогыг барьдаг.
Иймээс тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан аж.
Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн. Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулна. Түүнээс гадна хуульд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаарлагыг нарийвчлан тусгасан байна.