Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хавдивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурал энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20-21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Уг хурлыг ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон Сайд нарын хурлын үеэр Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлээд байсан юм.
Энэ удаагийн Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын зорилго нь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд 2013 оноос өнөөг хүртэл хийсэн ажлаа тайлагнан, сургамж, туршлагуудыг нэгтгэн дүгнэх явдал байв. Мөн түүнд үндэслэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж, төслийн санхүүжилт, техникийн туслалцаа дууссаны дараа Монгол Улс хүрсэн үр дүн, ололт амжилтаа хэрхэн тогтвортой хадгалж, бодитойгоор үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэн стратеги, арга замыг тодорхойлоход чиглэгдэж байна.
Мөн Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлээр Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажил, үр дүнгийн талаар тодорхой үүрэг хүлээсэн Сангийн яам, Барилга хот, байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн, цаашид хийх ажлын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар илтгэж, хэлэлцүүлж байгаа юм.
Энэ талаар БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа онцолсон.
Тэрбээр “Ногоон хөгжлийн бодлогыг Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан хэрэгжүүлэх явцад олон улсын түншлэгч байгууллагууд, хандивлагчдын оролцоотой хамтын үйл ажиллагаа төлөвшин, үндэсний хэмжээнд салбар хоорондын зохицуулалт сайжирч, чадавхи нь бэхжиж байна. Мөн уг хурлыг угтаж энэ сарын 14-өөс 19-ний өдрүүдэд “ Тогтвортой санхүүжилтийн форум”, “Засгийн газрын тогтвортой, ногоон худалдан авах ажиллагааны талуудын зөвлөлдөх уулзалт”, “Монгол Улсын ногоон эдийн засагт шилжих шилжилт ба гадаад худалдааны боломж” семинар, “Монгол Улсын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл” семинар зэрэг тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой олон чухал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс. Тэр утгаараа экологийн тэнцвэр алдагдах болон цөлжилт цаашид үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс засч болохгүй аюултай байдал үүсэхээс өмнө хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг хийж эхлээд байна. Түншлэлийн хүрээнд гүйцэтгэсэн ажлууд нь Монгол Улс ногоон хөгжлийн үндсийг тавих эхний үе шатандаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс орны онцлог нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгох, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой байлаа. Мөн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг арга замыг тодорхойлоход том дэмжлэг болсон. БОАЖЯ Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд тогтоосон түншлэл, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн цаашдын хамтын ажиллагааны хэлбэрүүдийг өргөтгөн хөгжүүлэх зорилт тавьж үндэсний хэмжээнд нэгдсэн зохицуулалт, мэргэжлийн удирдлагаар хангаж идэвх санаачилгатай ажиллах болно” гэсэн юм.
Хурлын эхний өдөр Монгол Улсын Засгийн газартай Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцсон бөгөөд хуралдаанд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлсэн ажлынхаа талаар илтгэл тавилаа.
Тодруулбал, Түншлэлийн хүрээнд Сангийн яамтай хамтран макро эдийн засгийн Т21 загварын ногоон эдийн засгийн загварчлалыг хөгжүүлсэн бол Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн багийнхантай хамтран ногоон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцож, эдийн засгийн ямар салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулалт оруулбал хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих боломжтой вэ, үүнд хэр их хугацаа шаардагдах вэ гэдэг таамаглалыг тооцон гаргасан юм. Энэ жил НҮБХХ-тэй хамтран Орхон, Дорноговь аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулах ажлыг эхлүүлэн, Орхон аймгийн бичил ногоон төслийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн Үндэсний статистикийн хороо нь ногоон эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлж баталсан бөгөөд 2018 оноос эхлэн эдгээр үзүүлэлтүүдийг тооцож, тархааж эхлэх юм. Мөн ногоон ажлын байрны туршилтын судалгааг явуулж, байгаль орчны ажлын байрны төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн байна.
Салбарын бодлогыг Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах, ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:
– Барилгын салбарын хувьд ногоон сургуулийн барилгын гарын авлагыг боловсруулж, СХД-ийн 122-р сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төслийг ногоон барилгын зарчмаар хийж, АХБ-ны зээлээр барьж байгуулах саналыг дэвшүүлээд явж байна. Мөн төрөөс барилгын салбарт баримтлах бодлогод ногоон барилга байгууламжийн зарчмыг тусгах асуудлаар БХБЯ-тай хамтран ажиллаж байна.
– Үндэсний ногоон үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор экспортод гаргах боломжтой органик, экологийн цэвэр, ногоон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг судалж, ЖДҮ-ийг дэлхийн органик бүтээгдэхүүний зах зээлтэй холбох ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
– Монгол Улсын төсөв, хөрөнгө оруулалтыг Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах үүднээс “Төр болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тухай Монгол Улсын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Сангийн яамтай хамтран боловсруулаад байна. Хуулинд өөрчлөлт оруулсанаар төр өөрөө тогтвортой, байгальд ээлтэй гэсэн шалгуураар худалдан авалтаа хийх боломж бүрдэж, ДНБ-ий 12 хувьтай тэнцэхүйц буюу жилийн 1,5 их наяд төгрөгийн улсын төсөв ногоон болох эхлэл тавигдах юм.
– Түншлэлийн хүрээнд ногоон зээлийн эрэлтийг тодорхойлох судалгааг хийж, хэрэгцээтэй хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тооцон гаргаж, Ногоон зээлийн санг байгуулах ажлыг эрчимжүүлсэн.
– Их, дээд сургуулиуд хамтран ногоон эдийн засгийн хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулах ажлыг эхэлсэн байна. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээлд ногоон эдийн засгийн мэдлэг, ур чадвартай боловсон хүчинг бэлтгэх суурь тавигдана. Мөн ногоон эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг, зөвлөгөө өгдөг үндэсний институци, эрдэмтдийн баг бүрдэж байна.
– Хог хаягдлын менежментийн чиглэлээр үйлдвэрийн хог хаягдал, авто машины хог хаягдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнгээс Монгол улсад тохирсон жижиг, дунд үйлдвэр байгуулах, түүнд хэрэгтэй санхүүжилтийг босгох талаар үнэтэй санал зөвлөмж гарна гэж үзэж байна.
Чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал:
– Ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, салбарын яамдуудын ажилтан, албан хаагчдад мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж, түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын сургалт, семинар, онлайн сургалтанд хамрагдах, олон улсын туршлагаас суралцах боломж олгожээ.
Түүнчлэн, түншлэлийн хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Элчин сайдын яам, Канадын Юнитарра байгууллага зэрэг олон улсын олон байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад хамтын хүч, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн юм.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь Монгол Улсад ногоон хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын туршлага нь түншлэлд нэгдсэн бусад улс орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байна.