Ч.Хүрэлбаатар: Хар жагсаалтад орсон улсуудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна

Оффшор бүсийн асуудлаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Европын холбооны хар жагсаалтад Монгол улс орчихсон байна. Ингэснээрээ Европын холбооны зүгээс ямар нэгэн эдийн засгийн хориг арга хэмжээнд өртчих вий гэсэн болгоомжлол байна. Таны зүгээс ямар бодолтой байна вэ?

Өчигдөр Брюсельд болсон Европын холбооны сангийн сайдуудын хурлаас манай улсыг 17 улсын жагсаалтад оруулсан байна. Энэ асуудлыг би судлаж үзлээ. Өнгөрсөн зургаан сараас эхлээд энэ талаар ярилцаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Глобал форумд Монгол улс гишүүн болох тухай асуудлаар ярилцаж байсан юм билээ. Энд хэд хэдэн асуудал яригдаж байгаа юм. Тухайлбал, хууль эрх зүйн орчинтой холбоотой, арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны хуулгийг Европын холбооны гишүүн улсууд өөрсдийнхөөрөө авдаг байя гэдэг зүйл яригдаж байгаа. Үүнээс гадна гадаадын иргэдийн Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой асуудлуудыг авдаг баймаар байна гэсэн. Гэхдээ энэ мэдээллийг тухайн банктай нь шууд харьцаад авах биш манай татварын байгууллагаар дамжиж авдаг байх гэдэг зүйлүүдийг ярьж байгаа юм билээ.

Түүнчлэн Монгол улс өөрөө хөгжиж байгаа орон. Мэдээллийн систем хангалттай хөгжчихөөгүй байна. Тэгэхээр 2019 оноос дээрх асуудал бодитой хэрэгжиж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан гэж би ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор бидний хувьд хийх ажлууд бий. Өнөөдрийн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах байх. Үүссэн асуудалтай холбоотой Глобал форум, Brefs гэсэн байгууллагуудад гишүүнчлэлээр орох, Монгол улсын хуулиудыг ил тод болгохтой холбоотой бусад орнуудтай татварын мэдээллийг солилцох, ил тод байх гэсэн өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Энэ жагсаалтаас эргэж гарах боломж байгаа юу. Цаашид энэ жагсаалтаас гарахгүй бол Европын холбооны санхүүгийн зах зээлд гарах эрхгүй болж байгаа гэж харагдаад байх юм?

Яг одоохондоо тийм санкцын зүйл байхгүй байгаа. Яагаад гэвэл үүнтэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэр гаргаад ажиллана. Энэ жагсаалтад орсон 17 оронтой холбогдуулаад ийм арга хэмжээ авна гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр одоохондоо үйл ажиллагаа хэвийн явна гэж үзэж байна. Хобогдох экспертүүдтэй өглөө би шууд холбогдож ярилцсан. 2019 оноос мэдээллийг шууд солилцдог болгох чиглэлийг хангаж ажиллах талаар бид ярилцсан.

Энэ мэдээллийг өгөхөд нөгөө тал дургүйцэж, Монголоос хөрөнгө оруулалтаа татах эрсдэл үүсэх үү?

Татвараас зайлсхийх явдалтай дэлхий нийтэрээ л тэмцэж байгаа. Тэгэхээр Монгол улс татвараас зайлсхийж байгаа хөрөнгө оруулагчид манайд ирж хөрөнгө оруулдаг нөхцлийг хууль эрх зүйн хувьд хангаад өгчихвөл харин улс орнуудаас олон төрлийн хориг санкцууд ирэх магадлалтай. Орчин үеийн банк санхүүгийн тогтолцоонд бий болгож байгаа тэр жишигтэй нь хөл нийлүүлж алхахгүй бол болохгүй. Тэгэхээр Монгол улс холбогдох журмаа үүнтэй нийцүүлэх ёстой.

Ямар ямар хуулиуд хөндөгдөх бол?

Банкны тухай хуулиуд холбогдох байх. Сангийн яам Татварын ерөнхий хуулийг ойрын хугацаанд боловсруулаад вэб хуудсандаа тавьна. Мөн хэлэлцүүлгүүдийг нэлээн хийнэ.

Энэ жагсаалтад орсноороо Монгол улс оффшорын бүсийн нэг улс болчихлоо гэж ойлгогдоод байх байна л даа?

Оффшор ч биш л дээ.   Татварын мэдээллийн ил тод байдалд хамтарч ажиллахгүй байгаа орнуудын нэг гэж үзэж болно. Иргэдээ ч юм уу бусад аж ахуйн нэгжээ татвараас зугтаах боломж олгож байгаа л гэж харж байгаа. Тэгэхээр үүнийг л залруулах шаардлагатай.

Төсөвт ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Үүнийг уншиж үзсэн үү? Хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна уу?

Хоёр хуудас гаран хориг байсныг уншиж үзсэн. Хэд хэдэн алдаа байгаа. Нэгт улсын төсөв, нэгдсэн төсөв хоёроо хольчихсон. УИХ нэгдсэн төсвийг баталдаггүй шүү дээ. Нэгдсэн төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн төсөв байдаг. Орон нутгийн төсвийг хуулиараа 12 сарын 5, 6наас өмнө аймгийн иргэдийн хурал батлах ёстой. 12 сарын 30-наас өмнө сумдууд батлах ёстой. Тэгж байж Монгол Улсын нэгдсэн төсөв гарна. Мөн улсын төсөв нэгдсэн төсвийнхөө тоонуудыг хольчихсон байна лээ. Гуравт 2018 оны төсвийн алдагдлыг 9,5 гэж худлаа тавьсан байна лээ. Батлагдсан нь ДНБ-ий 8 хувь байгаа. Улсын ДНБ-ий 1,5 хувь гэдэг бол 450-500 тэр бум төгрөг. Тэгэхээр ийм том алдаа гаргасан гэж үзэж байгаа.

Гишүүдийн тойрогт 3 тэрбумийг тавьсан гэх шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар?

Тэрийг бол би сайн хэлж мэдэхгүй юм. Яагаад гэвэл ирүүлсэн хориг дотор нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн гэж байсан. Гэтэл ний нуугүй хэлэхэд сая оруулсан төсөвт Монгол улсын Засгийн газар сургууль цэцэрлэгийг нэлээд их хэмжээгээр барих санаачлага гарагсан. Хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэж байгаа, эцэг эхчүүд нь хонон өнжин азын сугалаагаар сугалдаг цэцэрлэг хүрэлцэхгүй байхад үүнийг бид хийж л таарна. Дээр нь Монгол улс сонгуулийн жижиг мажоритари тогтолцоотой, тэгэхээр гишүүд тойрогтоо ажилладаг. Тойрогтоо ажиллахад янз бүрийн хөрөнгө оруулалтын саналууд гардаг шүү дээ.