Монголын эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Азийн бүсээс шалгарч FIBA U15 SKILLS CHALLENGE-ийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан баярт мөч тохиогоод байгаа билээ. FIBA-гаас зохион байгуулж буй FIBA U15 Skills challenge-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусч Дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.
5 тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй Skills Challenge-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг 4 хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг Дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.
Манай эмэгтэй баг Таити, Самао, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самаог хожиж Ливанд хожигдон хэсгээсээ 2-р байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа. Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай 2,2 тоглож итгэл төгс ялалт байгуулж хэсгээ тэргүүлэн Дэлхийд өрсөлдөх эрхээ мөн авлаа.
FIBA U15 Skills Challenge Дэлхийн аварга 10 дугаар сард зохион байгуулагдана. Дашрамд дуулгахад 2020 онд U17 насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар FIBA U17 Skills Challenge тэмцээний Дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд аваргалж байсан билээ. Өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо. Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж буй Монголын U15 насны шигшээ багийн Охид, хөвгүүд, багш нартаа халуун баяр хүргэж Дэлхийн аваргад нь амжилт хүсье!