ДЭМБ: Дэлхий даяар хийсэн нэг тэрбум тун вакцины 82 хувь нь чинээлэг орнуудад ногдож байна

Дэлхийн 189 улс орон, газар нутагт коронавирусний эсрэг нэг тэрбум гаруй тун вакцин хийсэн байна. Үүнээс 82 хувийг нь чинээлэг болон дунд орлоготой орнуудын ард иргэд хийлгэсэн байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал пүрэв гарагт болсон цахим хурлын үеэр мэдэгджээ.

Харин бага орлоготой буурай орнуудын иргэдийн дөнгөж 0.3 хувь нь "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамрагджээ. Дэлхий даяар вакцины тэгш бус хүртээмж "Ковид-19" цар тахлыг дарахад тулгарч байгаа тодорхой сорилтуудын нэг мөн гэж ДЭМБ ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Тус байгууллагын эрх баригчид цар тахлын эсрэг вакцинжуулалтад олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Халдварын тархалтыг зогсооход дэлхий нийтийн хүчин чармайлт хамгийн чухал ач холбогдолтой гэдгийг уриалсаар байна.

Гэхдээ улс орнуудын вакцинжуулах бодлого өөр өөр байгаа юм. Тухайлбал, зарим улс нь аль болох олон хүнийг богино хугацаанд дархлаажуулахыг зорьж байхад зарим нь халдвар авах эрсдэлт бүлгээ түрүүлж вакцинжуулахад голлон анхаарч байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ