Ирэх сард эрчим хүчний салбарын ажилчдыг дархлаажуулж дуусна

Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг хоёр дахь ээлжийн дархлаажуулалтад Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид хугацаандаа хамрагдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн 57 үйлдвэр, компанийн 14714 ажилтан эхний ээлжийн дархлаажуулалтад хамрагдсан. Харин хоёр дахь ээлжийн дархлаажуулалт 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын 5176 ажилтан бүрэн хамрагдаад байна.

Эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын дийлэнх буюу 60 гаруй хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн “Covishield” вакцин, 40 орчим хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “SinoPharm” үйлдвэрийн “Vero Cell” вакциныг хийлгэсэн байна.

Хоёр дахь ээлжийн дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт ажилтан, албан хаагчид 2021 оны 5 дугаар сард товлосон хугацаандаа бүрэн хамрагдаж дуусах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.