Аавыгаа унагасан хүүхдүүд

“Биеэ засаад төрөө зас” гэдэг үгийг зөвхөн монголчууд ч биш дэлхийн улсууд төр засгийн эрх баригчдынхаа гэр бүл, үр хүүхдэд ч мөн тавьдаг байна. Дэлхийн олон улс төрч, төрийн тэргүүн хүмүүжилгүй хүүхдүүдээсээ болж хамаг нэр төр, улс төрийн карьераа алдаж байсан түүхтэй.

-Ихэр охидоосоо болж Буш ерөнхийлөгч ихэд зовсон-

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш сахилгагүй хоёр ихэр охиноосоо болж чихээ халууцуулж байсан. Ихэр охид Женна, Барбара нар үдшийн цэнгээний газар 21 нас хүрээгүй байхдаа орсноос болж аавынхаа рейтингийг унагааж байлаа. 2001 оны 4 сард Женна Техас мужийн Остин хотын бааранд архи захиалснаар анх аавын нэр хүндийг унагасан бөгөөд энэ үйлдэлдээ 500 долларын торгууль төлсөн. Харин үүнээс хэдэн сарын дараа дахин л хэрэг тарив, энэ удаа бүр хоёулаа.

Америкийн муж улсуудын журмаар үдшийн цэнгээний газарт орсон хэнээс ч болов биеийн байцаалтыг нь шалгадаг журмаар тэр хоёр Аустины нэг бааранд жолооны үнэмлэхээ шалгуулахдаа баригдсан байна. Техас мужийн хуулиар үдшийн цэнгээний газрын үйлчлэгч нь цагдаад дуудлага өгснөөр ерөнхийлөгчийн хоёр ихэр охин тус бүр 51 доллараар торгуулж 8 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, 6 цагийн архины хор уршгаас сэргийлэх хичээлд суух шийтгэл хүлээсэн билээ.

Америкчууд ерөнхийлөгчөө хувь хүн, гэр бүлийн хувьд өөгүй цэвэр ёс суртахуунтай байхыг шаарддаг учраас ихрүүдийн эдгээр сахилгагүйтэл ерөнхийлөгч аавын нэр хүндэд асар их сэв суулгасан юм.

-Аль Гор хүүгээсээ болж ерөнхийлөгч болж чадаагүй-

Билл Клинтоны дэд ерөнхийлөгч байсан, байгаль хамгаалах хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Нобелийн энхтайвны шагналт Аль Гор ерөнхийлөгч болох хувь дутсан нэгэн.

29 хөн настайдаа Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан Аль Горыг АН-ын хамгийн  ирээдүйтэй улс төрч гэлцдэг байлаа. Тэрээр анх 1988 онд  АН-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх үед нь хүн бүр түүнд гялалзсан ирээдүй байгаа гэж баталдаг байв. Гэвч тэр сунгаанд тэрбумтан Дукакист ялагдсанаар намаасаа гарч чадсангүй. Улмаар дараагийн сонгуульд ерөнхийлөгчид нэр дэвшихээр бэлдэж байсан ч 1989 онд 6 настай хүү Альберт нь машины осолд орж хүнд үхлийн ирмэгт очсон байна. Хүүгээ бүтэн жил эмнэлэгт сахисан тэрбээр 1992 онд ерөнхийлөгчид өрсөлдөх байснаа больж Билл Клинтонд байраа тавьж өгсөн билээ. Ингээд тэрээр 1992-2000 онд Клинтоны дэд ерөнхийлөгчийн алба хашив. 2000 онд АН-аас нэр дэвшин Жорж Буштэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд түүнд аз дутаж сонгогчдын олонхийн саналыг авсан ч Сонгогчдын коллегийн саналаар Жорж Буш ерөнхийлөгч болсон билээ. Улс төрийн үзэл баримтлал, гэр бүлийн ёс зүйн хувьд өөлөх зүйлгүй Аль Горын хувьд энэ сонгуулийн үеэр рейтингэд сөргөөр нөлөөлсөн ганц зүйл нь хүү Альбертынх нь  хурд хэтрүүлж цагдаад баригдсан явдал байлаа. Альберт  2000 оны 8 сард буюу яг сонгуулийн ид үед Хойд Каролина мужид хурд хэтрүүлэн явж байгаад баригдсан нь ерөнхийлөгчид нэр дэвшсэн аавынх нь нэр хүндийг ихэд унагасан юм. Тэрбээр хүүгийнхээ энэ үйлдлийн төлөө уучлал гуйсан хэдий ч сонгуульд ялалт байгуулж чадаагүй.

Бүтэл муутай будилуу ерөнхийлөгч Жорж Бушийн алдаатай алхмуудаас болж Америк сонгогчдын дунд Аль Горыг 2004 оны сонгуульд дахин нэр дэвшээсэй гэсэн хүлээлт их болов. Мань хүн ч нэр дэвших бэлтгэлээ хийж байлаа. Гэтэл хүү нь 2002 оны есдүгээр сард Виржина мужид согтуугаар машин жолоодож яваад баригдав. Улмаар 2003 оны арванхоёрдугаар сард Монтгомерид машиндаа хар тамхи авч яваад баригдсанаар Аль Горын хувьд улс төрийн тавцангаас бүрмөсөн буухад хүрсэн билээ. 

Аль Гор хүүгийнхээ энэ явдлын дараа 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд зогсохгүй улс төрийн карьерээ эгнэгт дуусгаж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү гялалзсан ирээдүйтэй ерөнхийлөгч болох байсан Аль Гор хүүгээ сайн хүмүүжүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч Америкийн төрийн тэргүүн болоход ёс зүйн хувьд учир дутагдалтай гэж үзсэн байна.

-Өнгөт хувьсгалыг Ющенкогийн хүүгийн тансаглал үнэгүйдүүлсэн-

Украины өнгөт хувьсгалын удирдагч ерөнхийлөгч асан Виктор Ющенко хулигаан хүүгээсээ болж олны дунд нэр хүнд нь унаж өнгөт хувьсгалын үнэ цэнэ л алдагдахад хүрсэн билээ.

Түүний хүү Андрей оюутан байхаасаа л тухайн үеийн Украинд  хэн ч унаж байгаагүй  асар үнэтэй ВМW M6 машин, гар утас зэргээр тансаглаж хүмүүсийн дургүйцлийг хүргэж байжээ. Мөн тэрээр ганц шил нь мянган долларын үнэтэй оргилуун дарсаар нөхдийгөө дайлж гадаадад амрахдаа хоногийн 3 мянган долларын өрөөнд буудаг байсан нь хэвлэлд ил болж ардчиллын төлөө цогтой тэмцэгч аавынхаа Өнгөт хувьсгалыг үнэ цэнгүй болгож ард олны итгэлийг алдуулахад хүргэсэн.

 “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэгчээр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй улс төрчид албан тушаалаасаа огцрох юмуу улс төрийг орхих явдал зөвхөн төрийн тэргүүн төдийгүй парламент, мужийн түвшинд ч зөндөө байна.

2001 оны Дэлхийн худалдааны төвийн халдлагын үеэр Нью Йорк хотын захирагч байсан нэртэй улс төрч Р.Жулиани мөн л охиноосоо болж улс төрийн тавцангаас зайлуулагдсан. Түүний охин Манхэттэны нэгэн дэлгүүрээс 100 долларын гоо сайхны бараа хулгайлахыг оролдсоны улмаас албан тушаалаасаа сайн дураар огцорч байлаа.

Сүүлийн үед зөвхөн Барууны орнууд төдийгүй Хятад, Тайланд зэрэг Азийн улс төрчдийн үр хүүхэд, гэр бүлийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байх болов. Авилгатай хатуу тэмцэл хийдгээрээ алдартай Хятадад гэхэд л улс төрчдийг цэвэр байх, цэвэр эсэхийг шалгах гол эх сурвалж нь үр хүүхэд гэр бүл нь болж байна. Хятады төрийн тэргүүн Си Жин Пин авлигын эсрэг үйл ажиллагааг хилийн чанадад хүүхэд болон эхнэр/нөхөр нь амьдарч буй төрийн албан хаагчид руу илүү чиглэх болоод байна. Хүүхэд болон эхнэр/нөхөр нь хилийн чанадад амьдарч буй төрийн албан хаагчдыг авлигад хамгийн их өртөмтгий гэж үзэн “нүцгэн” албан хаагч гэж нэрлээд байгаа юм.

Синьхуа агентлагаас мэдээлж байгаагаар эдгээр “нүцгэн” албан хаагчид нь авлигын маш өндөр эрсдэлтэй ажээ. Залилан хийх, шамшигдуулах зэрэг эдийн засгийн гэмт хэргийн 40 орчим хувь, авлига, хээл хахуулийн хэргийн 80 орчим хувьд нь “нүцгэн” төрийн албан хаагчид оролцсон гэх баримт бий. Тийм учраас Хятадын төрийн албан хаагчдын гадаадад сурч амьдарч байгаа хүүхдүүдийн элдэв тансаглал, өндөр төлбөртэй сургууль зэрэг нь бүгд явж явж аав ээжийнхээ хүзүүнд цаазын олс углах аюул болж байна.

Тайландад мөн адил улс төрчийн ёс зүйг үнэлэхдээ гэр бүл, үр хүүхдийн зан байдлыг хамтад нь авч үздэг байна.

Авилгын эсрэг сурталчилгаанд ээж нь авлигач болсны улмаас сургуулийнхаа найзуудад гадуурхагдаж буй хүү, энэ байдлыг мэдрэн шаналж буй ээжийг дүрслэн харуулснаараа “Тайландын нийгэмд авлигач хүмүүсийг байлгах ямар ч орон зай үлдээгүй” болохыг илтгэсэн юм. “Авлигач байдлын үр дагавар бидний гэр бүл, үр хүүхдэд нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн бид өөрсдөө биш гэр бүлийн гишүүн бүр хариуцлагатай байх ёстой” гэх хандлага Тайландын нийгэмд хүчтэй байдаг байна.

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг