БНАСАУ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Токиогийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй болсноо мэдээллээ. Тодруулбал, Өнгөрсөн 3 дугаар сарын 25-нд болсон Умард Солонгосын Үндэсний Олимпын хорооны хурлын үеэр энэ удаагийн олимпыг өнжихөөр шийдвэрлэсэн гэж тус улсын спортын яамны цахим хуудсанд мэдээлжээ. Зарим хэвлэлд Пхеньяны энэ шийдвэр Солонгосын хойгийн асуудлаарх улс төрийн үйл явцтай холбоотой байхыг үгүйсгэхгүй байна.
Умард Солонгос нь одоогоор коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа юм. Пхеньян цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, өөрийн иргэд болон Орос, Хятад зэрэг хөрш орнуудынхаа иргэд хоорондын хөдөлгөөнийг хатуу хязгаарласан. Энэ үеэр Японы Олимп хариуцсан сайд Марукава Тамаяо Умард Солонгосын мэдээллийг нягтлан шалгаж байгаагаа мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосын Нэгдлийн яам Умард Солонгос Зуны олимпын наадмыг өнжиж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тус яам Токиогийн олимпын наадам хоёр Солонгосын ард түмэн эргэн нэгдэх, энх тайван тогтоход хувь нэмэр болно гэж найдаж байснаа ч мэдээлэлдээ онцолжээ.
Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин ч Токиогийн олимп Умард Солонгос болон бусад орнуудын хооронд яриа хэлэлцээ хийх боломж олгоно гэж найдаж байсан юм. Умард Солонгос 2018 онд Өмнөд Солонгост болсон өвлийн олимпын наадамд 22 тамирчнаа оролцуулж, засгийн газрын гишүүд, урлагийн баг, сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн баг гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байсан.
Энэ бол улс төрийн зорилготой байсан, үүний даа Умард Солонгос Өмнөд Солонгос, АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийж, Солонгосын хойгийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байсан. Гэвч энэхүү дипломат ажиллагаа мухардалд орсон, одоо Токиогийн олимпд Пхеньян оролцохгүй болсон нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээ сэргэх найдлагыг улам бүр бүдгэрүүллээ гэж шинжээчид үзэж байна. 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9ны хооронд болох байсан Токиогийн олимпын наадам цар тахлын улмаас хойшлож, Япон улс 2021оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8ны хооронд зохион байгуулахаар болсон юм.