Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр "Амгалан" амаржих газарт шинээр нээгдэж буй Нярайн эмгэг судлалын тасгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Шинэ тасагтай болсноор тус амаржих газарт мэндэлсэн олон нярайд ахисан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Эрүүл мэндийн сайд тус тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон нярайн утлагын аппаратыг гардуулжээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдөр ууган амаржих газрын үйл ажиллагаатай мөн танилцсан байна.
Тус амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний тасаг болон Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон байна.