Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан билээ.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байдаг. Улмаар СЕХ дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт өгч, Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг олон нийтэд мэдээлэх учиртай. Ингэхдээ нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарладаг.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланг Аудитын ерөнхий газраас олон нийтэд ил болгоод байна. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэд, аж ахуй нэгжээс хандив авах эрх нь хуулиар нээлттэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч иргэнээс гурван сая, аж ахуй нэгжээс 15 сая хүртэлх төгрөгийн хандив өгөх эрх нь нээлттэй. Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарт хэн, ямар аж ахуй нэгж хандив өгснийг хүргэж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 2200 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгч, нийт гурван тэрбум 313,5 сая төгрөг буюу хамгийн их хандив цуглуулжээ.
Харин АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулаад буй Ерөнхийлөгч Х.Баттулгад нийт 1101 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн бол МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт нийт 1062 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн гэдгийг тайланд тусгажээ.
Хандивын тоо, хэмжээний тухайд дээрх гурван нэр дэвшигчдэд нийт 5555 иргэнээс 8,6 тэрбум төгрөгийн, 36 хуулийн этгээдээс 498 сая төгрөгийн хандив цугларчээ.
Үүнийг нэр дэвшигч тус бүрээр нь авч үзвэл МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод 1436 иргэнээс нийт 2,5 тэрбум төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг гээд нийт 2,8 тэрбум төгрөгийн хандив цугларсан байна.
Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3,2 тэрбум төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг гээд нийт 3,5 тэрбум төгрөгийн хандив цугласан аж.
Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2476 иргэнээс 2,8 тэрбум төгрөг, хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг гээд нийт 2,8 тэрбум төгрөгийн хандив өгчээ.
Түүнчлэн 15 хүртэл сая төгрөгийн хандив өгсөн аж ахуй нэгжүүд дунд “Монос” групп М.Энхболд, Х.Баттулга нарт тус бүр хандив өгч, тэргүүлсэн байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдод “Монос косметик” ХХК, “Монос фарм” ХХК, “Монос хүнс” ХХК-иудаас тус бүр 15 сая, нийт 45 сая төгрөгийн хандив өгсөн байна. Харин АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Х.Баттулгад “Моносфарм” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК-иудаас тус бүр 15 сая, нийт 30 сая төгрөгийн хандив өгчээ.
МАН-ын дарга М.Энхболдод нийт “Макс групп” ХХК, “М-Си-Эс” проперти, “Эм-Си-Эс Кока кола”, “Юнител” ХХК, “Юнивишн” ХХК зэрэг 17 аж ахуй нэгжээс 217,9 сая төгрөг хандивласан байна.
Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Х.Баттулгад “Бодь интернэшнл” ХХК, “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК, “Мах импекс” ХХК зэрэг 18 аж ахуй нэгжээс 250 сая төгрөг тус тус хандивлажээ.
Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт “Бумо” ХХК, “Метротрейд” гэсэн хоёр аж ахуй нэгжээс тус бүр 15 сая, нийт 30 сая төгрөг хандивласан байна.