ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн ЦЕНЗҮҮРТЭЙ ЭШЛЭЛҮҮД

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор оролцсон билээ. Түүнийг УИХ-ын гишүүд болон улс төрчдийн бүхий но-той, ноцтой нууцуудыг мэддэг, түүгээрээ тэднийг шантаачилдаг гэх хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн билээ. Тэр ч утгаараа түүнийг нийгэмд тэсрэлт хийх баримт, мэдээллийг энэ үеэр ярьж болзошгүй гэсэн хүлээлт нийгэмд байсан нь нууц биш. Тэгвэл түүний ярьсан ОНЦЛОХ эшлэлийг хүргэж байна.

1. Эр хүмүүс хоорондоо ална, тална гэж л ярьдаг шүү дээ. Би Ж.Батзанданг ална гэж хэлсэн нь үнэн ч оронд нь хордуулж ална гээгүй. Тэгэж ярих юм бол Ж.Батзандан ч гэсэн намайг ална гэж хэлсэн шүү дээ. Яагаад тэрийгээ хэлэхгүй байгаа юм бэ.

2. Намайг баавартай гэдэг нь юу гэж байгаа юм бол доо? Миний байж байгаа царай нь л энэ шүү дээ. Байнгын хорооны хурал дээр намайг юм ярих гэтэл зарим гишүүн нь ярь гээд, зарим нь боль гээд байсан. Тэгэхээр нь би инээчихсэн юм. Үнэхээр инээдтэй байсан шүү дээ. Энийг л өөр тийш нь нугалж тайлбарлаад байна. Би үргэлжлүүлээд ярих уу, яах вэ гэдэг нь Ж.Батзандан гишүүний ах нартай холбоотой хээл хахуулийн хэргийн тухай хэлэх гэж байсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хоёр ах намайг АТГ-ын Дэд дарга байхад шалгагдаж байсан нь үнэн. Ашиг сонирхлынн зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.

3. НО-той улсууд л нууцтай байдаг. Хууль бус юм хийсэн хүмүүс л нууцтай болохоос гэмгүй хүмүүс нууцгүй шүү дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л миний эсрэг орилоод байгаа шүү дээ. 

4. Би Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ яамыг авахаараа юу хийдэг тухай дүн шинжилгээг л хийсэн. Энэ хүн ямар учиртай С.Зоригийн хэрэг рүү дайраад байдаг юм. С.Зоригийн хэргийг сайд болохоороо тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж авсан, ажлын хэсгийн 32 ажилтанг сольсон. Мөн сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаад, 15 хүнийг хорьж шалгасан. Одоо бол С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нар нь л илэрсэн. Энэ хэрэг бүрэн гүйцэд илрээгүй. Энэ хэргийн ажлын хэсэг дээр тагнуул, прокурор, цагдаагийн бүрэлдэхүүнтэй прокурорын өндөр хяналтад явагдсан. Бид Амганбаатарын үгээр биш хөндлөнгийн баримттай тулгуурлаж илрүүлсэн.

5.Нямдоржийн ярьдаг хоёр сэдэв л бий. Нэг нь Эрдэнэт үйлдвэр нөгөөх нь С.Зоригийн хэрэг. С.Зоригийн хэрэг чинь Эрдэнэтээс гаралтай. Наад хүмүүс чинь Эрдэнэтэд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараад могой бариулаад өөрөө цэвэрхэн үлддэг. Би ч хүртэл хэлмэгдэж байна.

6. Ц.Нямдорж бид хоёрын хагарлын сэдэв нэгдүгээрт С.Зоригийн хэрэг. Хоёрдугаарт хятадын тагнуулын асуудал, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал. 

7. Би нэг зүйлийг баттай хэлье. Ж.Батзандангийн хэлсэн шиг 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Хэрвээ захиалагч нь энэ гээд зарлавал ёстой хүн хэлмэгдэнэ шүү. Сайтар шалгах ёстой.

8. Би "сахал" Эрдэнэбилэгийг танина. Тэр миний 40 мянгатын найз нарын нэг. Би Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэхийн төлөө явсан нь үнэн. Эрдэнэтийн 49 хувь Монголд л үлдэх ёстой. Цаана нь Хятадын нэг, Казакын нэг компани авах гээд байсан. Ц.Нямдорж Хятадын компани аваагүйд уурлаад байгаа юм уу? Хүнд байгаа өмчөө Монгол буцааж авах нь чухал. Монголдоо ороод ирсэн байхад хэн нь авах нь хамаа алга.

9. Би Д.Энхбатыг хулгайлаагүй баривчилж авчирсан. Намайг хулгайлж авчраад тамлаж алсныг Ж.Батзандан гишүүн л мэдэж байгаа юм биш үү? Энэ улсын нууцаас гараагүй хэрэг. Би олон юм ярьмааргүй байна. Германы тал гаргаж өгснийг би холоос харсан. С.Зоригын хэрэгтээ холбоотой зөвхөн Дамирангийн Энхбатыг баривчилж авсан хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлтийг миний бие ТЕГ-ын дарга Д.Гэрэлд өгсөн.

10. Хамгийн ноцтой юм нь Цогтбаатар хурандаагийн эхнэр нь гарч ирээд нууц дэлгэнэ гэж ярьсан нь асуудал шүү. Монголд 12 сая евротой орж ирсэн герман иргэн сураггүй алга болсон байдаг. Энэ хэргийг манай тагнуулын талаас хариуцаж байсан хүн нь хурандаа Цогтбаатар. Гэтэл тэр герман хүний барьж байсан 9911-тэй дугаар болон, мерседес машиныг тэр Цогтбаатар унаж байсан нь тогтоогдсон.

11. Надад яг үнэндээ 53.5 тэрбумаас ч өндөр үнэтэй үнэт эдлэл бий. Энэ чинь яг үнэндээ миний эхнэрийн хөрөнгө. Миний эхнэр бол Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ганц өв залгамжлагч. Миний эхнэрийн аав нь Ардын зураач Ү.Ядамсүрэн гэж хүний хүү Үржнээ гэж хүн бий. Улаан дээлтэй "Өвгөн хуурч" зэрэг урлагийн хосгүй бүтээлүүд одоо манай гэрт хадгалагдаж байгаа.

12. Миний сарын орлого манай эхнэрийн хэлж байгаагаар 20-30 сая төгрөг юм шиг байгаа юм. Одоо хэцүү байна шүү дээ, бүх юм бартераар явж байна.

13. Төр намайг явуулж байгаа болохоос би Солонгос руу явах гээд байгаа юм биш шүү дээ. Төр намайг боль гэвэл би больчихно. Би төрөө дээдэлдэг хүн. Анх 1999 оноос би төрд ажилласан. 

14. Улсын нууц байсан нь зарим хүнд ашигтай байгаа бол, зарим хүнд улсын нууцаас гаргасан нь ашигтай байх шиг байна.   

15. Олон нийтийн сонсголд би орно. Болвол хаалттай болгох гээд байх шиг байна. Нээлттэй болсон ч байсан би УИХ-ын гишүүдийн асуултад хариулаад л гарна. Би нээлттэй сонсголд орно шүү дээ. Огт жийрхээгүй.