"Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ-аас жилийн өмнө БСШУС-ын сайдад хандаж, сургалтын төлбөрөөс үүдсэн хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахад анхаарлаа хандуулах хүсэлт гаргаж байсан.
Тэгвэл энэхүү хүсэлтийн хариуд өнгөрсөн сард БСШУС-ын үүрэг гүйцэтгэгч асан Г.Чулуунбаатар хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх тухай тушаалыг гаргажээ.
Уг тушаалд:
"Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.4 дэх заалт, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн эцэг, эх, асран хамгаалагчаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн:
1. Сургуулийн дүрэм, эцэг эхтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахгүй байх зохицуулалт хийхийг төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт зөвлөсүгэй.
2. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй, ёс зүйн аливаа зөрчил гаргахгүй ажиллахыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасугай" хэмээн тушаасан байна.