Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.

Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.   

Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална.  Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.

Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.

Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.

Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.

Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. 

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.

Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн  46 хувийг 15-34 насны  залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. 

Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулна

Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан  Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.