Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал ПАВИТ РАМАЧАНДРАНЫГ хүлээн авч уулзав

Өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Мөн цар тахлын үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн гурван жилд 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2021-2024 онд мөн хэмжээний санхүүжилт гаргахаар төлөвлөж байгааг Павит Рамачандран хэлэв. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тэр дундаа “Богдхан төмөр зам”, төлбөрийн чадварт нийцсэн “Ногоон орон сууц” төсөл, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр вакцин нийлүүлэх, сайн засаглал, авлигын индексийг бууруулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.