Герман улс хүүхдэд зүүлгэсэн ухаалаг цагийг хурааж, устгахыг шаардлаа

Баасан гарагт Германы харилцаа холбооны Бундесненцагунтер агентлагаас эцэг эхчүүдэд хүүхдүүддээ бугуйн ухаалаг цаг зүүхийг хориглож, энэ төрлийн цагаа хураан авч устгахыг эцэг эхчүүдээс шаарджээ. Учир нь ийм төрлийн цаг нь хүүхдүүдийг мөрдөх, чагнах хэрэгсэл болох боломжтой аж. Герман улсын хуулиар бусдыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр тагнах, чагнахыг хориглодог. Харин 5-12 насны хүүхдүүдэд зориулан бүтээгдсэн ухаалаг цагнуудад суурьлуулсан микрофоныг идэвхижүүлснээр хүүхдийнхээ төдийгүй бусад хүмүүсийн яриаг чагнах боломжтой гэнэ. Бундесненцагунтер агентлагын тэргүүн Иохэн Хоманны хэлснээр тэдний хийсэн шалгалтаар зарим эцэг эхчүүд хүүхэддээ зүүлгэсэн ухаалаг цагаараа дамжуулан ангийн багшийнх нь ярьж буйг чагнадаг болох нь илэрчээ.  

Иймээс эцэг эхчүүдийг хүүхдүүдээсээ ухаалаг цагийг нь хураан авч, устгахыг хүссэн байна. Ингэхдээ ухаалаг цагийг устгаж буй баримтаа онлайнаар илгээж хариуд нь тус агентлагаас хууль бус төхөөрөмжийг устгасан гэдэг батламж авах аж. Уг  батламж нь эцэг эхчүүдийг хууль бус ажиллагаа буюу тагнах, чагнах хэрэг хийгээгээгүй гэсэн баталгаа болж хуулийн өмнө хамгаалах гэнэ.

Энэ асуудал нь нэг талаар хүүхэд, эцэг эхчүүдийг хуулийн өмнө гэмт хэрэгтэн болохоос сэргийлж байгаа ч энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнийг хааж буй нэг хэлбэр болохоор байгаа юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, эсвэл Германы зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ бусдыг тагнах чагнах боломж олгохооргүй байх гэсэн шинэ шаардлага ухаалаг утас, цаг зэрэг төхөөрөмж үйлдвэрлэгчдэд тулгарч байна, эс бөгөөс зах зээлээ алдаад зогсохгүй хуулийн өмнө хариуцлага хүлээх эрсдэлтэй болоод байна.