Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх аж.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг: "Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм.
Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно" гэв.
Арваннэгдүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр оройны 20:00 цагийн байдлаар Нийслэлийн 105 ЕБС, Шинжлэх Ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг, Хөдөө орон нутгийн 72 ЕБС, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг оролцохоо мэдэгдсэн тухай ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх хэллээ.