Тэртээ 1956 онд Монгол Улсад олимпизмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй Монголын үндэсний олимпын хороо байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1962 онд олон улсын олимпын хорооны халуун ам бүлд багтаж, Монгол хүн олимпын их наадмын талбарт өрсөлдөх үүд хаалга нээгдсэн билээ.
Олон улсын олимпын хорооны гишүүн болсноос ердөө хоёр жилийн дараа буюу 1964 оны Токиогийн зуны олимп, Австрийн Инсбургийн өвлийн олимпод анх удаа оролцож, Монгол гэдэг орон олимпын наадамд нэгдсэнийг тунхаглаж байлаа.
Улмаар 1968 оны Мехикогийн олимпоос бөхийн чөлөөт барилдааны төрөлд дөрвөн тамирчин нэгэн зэрэг медаль хүртэж, олимпын медальт орнуудын тоонд Монгол Улс зүй ёсоор багтсан билээ.
Харин Монголын жүдочид 1972 оны Мюнхэний олимпод анх удаа зодоглож байсан бол 1980 оны Москвагийн олимпод Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин, гавьяат тамирчин Р.Даваадалай нар мөнгө хүрэл медаль хүртэн жүдочдоос анхдагч болсон юм.
Энэ цагаас олимпын медалийн буухиа үргэлжлэн манай жүдочид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт найман медаль хүртээд байгаа юм.
Энэ сайхан амжилтын эхлэлийг тавьсан Монголын үндэсний олимпын хорооны үе, үеийн удирдлагууд, хамт олонд үүсч байгуулагдсны 65 жилийн ойн баярын мэндийг хүргэе.