-"Никель Ганбаа" 60 жилийн настай дээлээр гангарчээ-

"Шарк танк" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын оролцогч "Никель Ганбаа"-гийн унадаг дугуйн төсөл "Шарк"-уудын хөрөнгө оруулалтыг татсаны зэрэгцээ олны сонирхлыг ихэд татаад байна. 

Ингээд бид залуусын дунд "Никель Ганбаа" нэрээрээ танигдсан Ганбаатарын Дашнямын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Тэрээр таван хүүхэдтэй айлын том хүү. Соци нийгмийн үед түүний аав Б.Ганбаатарыг танихгүй, мэдэхүй хүн цөөн, үеийнх нь Никель Ганбаа гэж нэрийддэг байжээ. Учир нь, тэрээр  шинийг санаачлагч, уран гартай, техник сэтгэлгээтэй, чадварлаг жолооч байжээ. Мөн стиль имижээрээ ч үеийнхнээсээ онцгойрдог нэгэн байсан гэдэг. Аавынхаа  энэхүү авъяас, зан чанарыг том хүү Г.Дашням нь өвлөж, ийнхүү аавынхаа нэрээр "Никель Ганбаа" брэндийг үүсгэж байгуулж, амжилттай авч явж байна.

Г.Дашнямын хувьд "Никель Ганбаа" брэндийг үүсгэн байгуулахаасаа өмнө буюу 2000-аад оны үед Монголын рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж байсан нэгэн билээ. Тодруулбал, түүний авсан гэрэл зургууд рок попын алдартнуудын цомгийн нүүрийг чимсээр буй. Тухайлбал, Камертон хамтлагийн цомгууд, Төрийн соёрхолт, дуучин Б.Болдын "Монгол поп-1,2"-ын ковер зургууд, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн цомог, Киви хамтлаг болон АПУ компанийн цуврал календарь зэрэг дээр ажиллаж байсан мэргэжлийн, чадварлаг зурагчин юм. 

 

 

Тэрээр доороо дөрвөн дүүтэй. Түүний дүү Г.Баатар нь мөн л аавынхаа техник сэтгэлгээг өвлөж, Бенз засварын газар ажиллуулдаг. Монголын "бензчид" Г.Баатарыг андахгүй, түүгээр үйлчлүүлэх гэсэн үйлчлүүлэгчид тасардаггүй юм билээ. 

Г.Дашнямын хувьд 2011 онд “Никель Ганбаа” брэндийг үүсгэн байгуулж, унадаг дугуй, мопедийн үйлдвэрийг туршилтаар хийж эхэлжээ. Тэгвэл тэрбээр "Монгол HD" сувгийн "Шарк Танк" нэвтрүүлгийн өчигдрийн дугаараар унадаг дугуйны төслөө танилцуулж, компанийнхаа 16 хувийг 253 сая төгрөгөөр худалдах санал болгосон юм. Харин "Шарк"-ууд түүний төслийг дэмжиж улмаар дөрвөн "Шарк" хөрөнгө оруулахаар болсон. Ингэхдээ компанийнх нь 49 хувийг эзэмшихээр санал тавихад Никель Ганбаа дэмжсэнээр тэд хамтран энэхүү бизнест орлоо.

"ШАРК"-уудыг огшоож, тэднээс хөрөнгө оруулалт авч чадсан түүнийг залуус ихэд дэмжиж, амжилт хүсч буйгаа сошиал орчинд илэрхийлсээр байна. 

Өөрийн гэсэн өвөрмөц стиль имижтэй энэ залуу өчигдөр нэвтрүүлэгт оролцохдоо өвөөгийнхөө дээлээр гангарчээ. Энэхүү дээлийг түүний өвөө 60 жилийн өмнө өмсч байсан аж. 

Өөрийн уйгагүй хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөрөө өнөөдрийн "Никель Ганбаа"-г бий болгосон Г.Дашнямдаа  амжилт хүсье.