Мэдээллийн технологийн компаниуд цахим туршилтын үр дүнгээ тайлагналаа

Боловсролын салбарын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын удирдлагын систем, цахим сургалтын платформ хөгжүүлэх туршилтын ажлын тайлангийн хурал боллоо.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын удирдлагын систем, цахим платформ хөгжүүлэгч үндэсний компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд Санамж бичиг байгуулж, ерөнхий боловсролын 90 сургуульд 3 сарын хугацаанд туршилтыг зохион байгуулсан. Туршилтын явцад сайн дурын үндсэн сургуулиуд нэмэгдэж хамралт өргөжсөн бөгөөд нийт ерөнхий боловсролын 108 сургуулийн 13588 багш, 125717 сурагч хамрагдсан байна.

Туршилтад Ай Си Ти групп, ЕСМ, Мэксим консалтинг, Амжилт дотком, Эй плас, Гранд Ай Ти зэрэг компаниуд хамрагдаж сургалтын удирдлагын мэдээллийн системийг туршилтаар нэвтрүүлэн үнэ төлбөргүй ашиглуулсан.

Туршилтын хугацаанд ажиглагдсан цахим сургалтын үйл ажиллагаанд ажиглагдсан онцгой нөхцөлүүд.

Багш сурагчидтай онлайн-сургалт гүйцэтгэхдээ ухаалаг гар утас ашиглан холбогдож байгаа хандалт дийлэнхийг эзэлсэн байна. Энэ нь зөөврийн компьютерийг орлож ажиллах боломж байгааг харуулж байна.

Гэрийн даалгавар өгөх, түүний гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг зурган файлаар солилцох түүний тайлбарыг даалгавар гүйцэтгэх хугацаа дууссаны дараа хүргүүлэх байдлаар ихэвчлэн ашигласан байна. Энэ нь сурагч бие даан суралцах, даалгавар гүйцэтгэх чадварыг илүү нэмэгдүүлж байна.

Зайн сургалтыг идэвхитэй ашигласан сургалт нь ихэвчлэн ахлах ангийн сурагчид болон сонгон судлах хичээл дээр нэмэлт байдлаар ашиглаж байна.

Багш нар контент бэлтгэх туршлага арга зүйн сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Байгалийн ухааны чиглэлийн сургалтад зурган файлаар хичээл сургалтын контентийг бэлтгэх, Хэл, уран зохиол, эрүүл мэнд, нийгмийн ухааны хичээлийг аудио хэлбэрээр, Биеийн тамир, дуу хөгжим зэрэг хичээлийг видео хэлбэрээр ихэвчлэн контент боловсруулалт ажиглагдсан байна.

Үүний зэрэгцээ Гэрэгэ системс компани төрийн өмчийн 3 сургууль, 3 цэцэрлэгт сурагчдын ирцийн бүртгэл, сурах бичгийн төлбөртэй үйлчилгээ, хүүхдийн үдийн хоол цайны хяналт, бүртгэлийн үйлчилгээний туршилтаар нэвтрүүлж, “Эдү карт” системийг шинээр хөгжүүлсэн.

Мөн “ТомЁ ЭдТек” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан үзэх, унших, сонсох материалуудыг анги болон агуулга, сэдвээр хуваарилсан цахим платформ, гар утасны аппликэйшнийг хөгжүүлэх ажлыг хийж байна.