М.Нургул: Эдийн засгийг тогтвортой байлгахад санхүүгийн боловсрол чухал

Дэлхийн улс орнууд санхүүгийн боловсролыг бодлогын түвшинд хэрхэн түгээдэг, Монгол Улс энэ чиглэлээр ямар стратеги баримталж байгаа талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй ярилцлаа.   


-Юуны өмнө санхүүгийн мэдлэг гэж яг юу вэ гэдэг асуултаас яриагаа эхэлцгээх үү?

-Санхүүгийн мэдлэг гэдэг нь өргөн утгаараа мөнгөтэй холбоотой гаргаж буй аливаа шийдвэрээ аль болох оновчтой байлгах үүднээс тухайн хүн мэдээлэл цуглуулж, түүн дээрээ дүгнэлт хийх чадвар, арга барилыг хэлж буй. Орчин үед эдийн засагт санхүү, мөнгөтэй холбоотой маш олон бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсон байна. Зөвхөн банкны хадгаламж л гэхэд дотроо маш олон төрөл бий. Эдгээрээс алийг нь сонговол танд хамгийн ашигтай вэ гэдэг нь наад захын асуудал юм. Дээр нь инфляци, ханшийн нөлөө гэх мэт эдийн засагт өрнөж буй үйл явдлууд таны хадгаламжид хэрхэн нөлөөлөх вэ? Банкинд хадгалуулахгүй бол өөр ямар сонголт байна вэ? Тэдгээрийн эрсдэл нь юу вэ? Энэ бүх дүр зургийг томоор нь олж хараад, өөрт хамгийн оновчтой шийдвэр гаргах чадвар чухал юм. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх суурь ойлголтоос эхлээд, эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа хүртэлх цогц мэдлэг, эдгээр дээр дүгнэлт хийх чадварыг санхүүгийн мэдлэг гэж ойлгож болно. 

-Тэгвэл иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь тухайн иргэнд болоод нийгэмд ямар ач холбогдолтой вэ? Төв банк үүнд оролцдог шалтгааныг тайлбарлана уу?

-Төв банк боловсролын байгууллага биш учраас санхүүгийн мэдлэгийн талаар ярихаар яагаад гэж гайхах, эсвэл үндсэн ажлаа хийгээч гэж шүүмжлэх хүн цөөнгүй.  Гэхдээ Төв банк эдийн засгийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд санхүүгийн боловсролд анхаарахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг.

Түүнчлэн, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогыг илүү сайн ойлгох нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байдалд эерэгээр нөлөөлж буй. Иймд Төв банкууд санхүүгийн боловсролд анхаарч буй нь боловсролын байгууллагуудын урдуур орж ажлыг нь хийх гээд байгаа зүйл биш, харин мөнгөний бодлогынхоо нөлөөллийг дээшлүүлэхийн тулд хийж буй зүйл юм. Тийм ч учраас дэлхийд тэргүүлэх гол төв банкууд өнөөдөр бүгд санхүүгийн боловсролын хөтөлбөртэй байна. 

-Иргэдийнхээ санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгдөг болсон гэж та сая хэллээ. Тэгвэл иргэдэд санхүүгийн мэдлэг олгох арга зүй, хөтөлбөр нь дэлхий нийтээр нэг стандартын дагуу хэрэгждэг үү эсвэл тухайн улс орны онцлогоос хамаарч өөр өөрөөр боловсруулагддаг уу?

-2011 оны байдлаар 26 улс санхүүгийн боловсролыг дээшлүүлэх албан ёсны хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх шатандаа явж байсан бол 2016 оны байдлаар 60 улс олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, тусгайлсан стратегитай болоод байна. Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа улс орнууд дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн мэдлэгийн түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийнхөө чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлдог гэж ойлгож болно. Өөрийн улс орны онцлогт тохирсон агуулгатай хөтөлбөрүүд амжилтанд хүрч, харин тэгж чадаагүй бол үр дүн багатай байдаг.

-Дэлхийн бусад улс орны иргэдтэй харьцуулахад Монголчуудын санхүүгийн боловсролын түвшин өнөөдөр ямар хэмжээнд байна вэ. Сайжруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн ажиллаж байна вэ?  

-Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдал, иргэд олон нийтийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг олон улсын түвшинтэй харьцуулан судалгаа хийхэд харамсалтай нь хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Судалгаагаар манай улстай ижил түвшний орлоготой бусад орны иргэдийн адилаар Монголчуудын дийлэнх олонх нь хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтэй шийдвэр гаргах, хууль ёсны эрхээ хамгаалуулахад шаардлагатай санхүүгийн үндсэн ойлголтын талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байгаа нь тодорхой харагдсан байдаг. Тиймээс иргэд,  үйлчлүүлэгчдийн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг хүргэдэг, эрх нь зохих хэмжээнд хамгаалагдсан байхыг баталгаажуулах нь чухал гэж үзсэн. Иймээс Монголбанк; Сангийн яам;Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. 

-Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх, хэр удаан үргэлжлэх вэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд хүний хандлага, дадал өөрчлөгдөхөд багагүй хугацаа ордог бөгөөд дунджаар 5 орчим жил шаардлагатай гэж тооцдог. Иймд Санхүүгийн боловсролын хөтөлбөрийг дунд хугацаагаар буюу 6 жилээр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд  ЕБС-ийн “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т санхүүгийн боловсрол олгох “Бизнес судлал” нэртэй хичээлийг шинээр сургалтын хөтөлбөрт нь тусгасан.

Түүнчлэн, их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүйгээр үзэх  “Хувь хүний санхүү” нэртэй 3 кредит хичээлийг боловсруулж  сурах бичиг, дасгал ажлын ном нь бэлэн болсон байгаа. Дээр нь хөтөлбөр батлагдсанаас хойш ХААИС, СЭЗИС, Этүгэн, Улаанбаатар эрдэм,  зэрэг  сургуулиудад тус хичээлийг 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрт нь оруулахаар болсон. Үүнээс гадна орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох маш энгийн хялбар хэллэгтэй 13 төрлийн гарын авлагыг боловсруулаад байна. Сэдвүүд нь мөнгөө хэрхэн удирдах, төсөв болон санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал, тэтгэвэр, нийгмийн даатгал болон татварын талаарх ойлголт, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаарх ойлголт болон ханш г.м яг л иргэдэд санхүүгээ зөв удирдахад нь дэм болох агуулгаар боловсруулагдсан. Мөн энэхүү агуулгыг түгээх сургагч багш нарыг БСШУЯ-ны харьяа “Насан туршийн боловсролын үндэсний төв”, “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-тай хамтран бэлдсэн байгаа. Цахим орчинд www.sankhuugiinbolovsrol.mn вэбсайт, ухаалаг утас ашигладаг хүн бүрийн ашиглах боломжтой “Төсөвчин” аппликейшнийг ч боловсруулж нийтийн хүртээл болгоод байна. 

-Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд юу чухал вэ?

-Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд мэдлэгийг системтэй түгээх нь хамгийн чухал бөгөөд үүнд төрийн бодлого гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд бодлого өөрөө тууштай хэрэгжих нь туйлын чухал. Үүнээс гадна бодлого тодорхойлогчид, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн секторын хамтын ажиллагаа ч чухал. Тэгээд мэдээж иргэд өөрсдөө хэр хичээхээс маш их зүйл шалтгаална. Иймд тал бүрээсээ хамтдаа зүтгэж, улс эх орноо санхүүгийн боловсрол бүхий иргэдтэй, өндөр хөгжилтэй улс орон болгохын төлөө хувь нэмрээ оруулцгаая гэж уриалмаар байна.