2017.09.07-ноос 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Азийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн хэтийн төлөв ба тулгарч буй сорилтууд” сэдэвт олон улсын конференцийн үеэр яригдсан гол зүйлсийг тоймлон хүргэж байна. Тус хурлын үеэр Азийн гол төв банкуудын төлөөллүүд, ОУВС, Питерсон институти зэрэг байгууллагуудын экспертүүд бүс нутгийн бодлого тодорхойлогч нарт тулгарч буй асуудлуудын талаар хийсэн судалгаагаа танилцуулж,сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.
АЗИЙН ТАЛААР
Ази тивд өнөөдөр 4.4 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 60 орчим хувь нь амьдарч байна. Хятад, Энэтхэг гээд тэрбум давсан хүнтэй их гүрнүүдээс гадна Япон, Солонгос, Сингапур зэрэг технологийн өндөр хөгжилтэй орнууд, цаашид ѳндѳр потенциальтай гэгдэж буй Малайз, Индонези, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд тус бүс нутгийн өнөөгийн дүр төрхийг тодорхойлж буй.
Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд дэлхийн эдийн засгийн 40%, харин бий болж буй ДНБ-ийн өсөлтийн ⅔-ыг дангаараа бүтээдэг болсон. Тийм ч учраас Дэлхийн хөгжлийн “хүндийн төв” нь Баруунаас Зүүн рүү шилжиж байна гэж яригдаж байна. Үнэхээр ч дэлхийн эдийн засаг цаашид яах вэ гэдэг нь эдийн засгийн өсөлтийнх нь гол хөдөлгүүр болж буй Азийн улс орнуудад байдал ямар байхаас шууд шалтгаалах юм.
Ази ийнхүү дэлхийн газрын зурган дээр чухал бүс нутаг болон тодорч гарч ирэхэд Япон, Солонгосын өндөр өсөлтийн үе, үүнтэй залгаад Хятад, сүүлийн үед Энэтхэг болон зарим Зүүн өмнөд Азийн орнуудад бий болсон эдийн засгийн эрчимтэй өсөлт гол түүчээ нь болсоор ирлээ. Үр дүнд нь зөвхөн Хятадад л гэхэд сүүлийн 30 жилд 800 сая хүн ядуурлаас гарчээ.
Мэдээж эдийн засгийн өсөлтийн энэхүү зам үргэлж шулуун бөгөөд дардан байгаагүй юм. Тайландад эхэлж, Индонези, Солонгост нэлээд хурц хэлбэрээр үргэлжилсэн 1997 оны Азийн хямрал тус бүс нутгийн улс орнуудад том уналтыг авчирсан. Гэхдээ ханш савлаж, банкууд дампуурч, бизнес эрхэлгчид үүдээ барин олон сая хүнийг ажилгүй болгосон тус хямралаас үлдсэн сургамж их байв. Азийн орнууд 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралын үеэр харьцангуй бага хохирол амссан нь өмнөх том хямралаас их зүйл сурсантай нь холбоотой юм.
Харин одоо Азийн орнуудын өмнө дэлхийн санхүүгийн их хямралаас хойшхи удаашралтай байдлаас хэрхэн гарах, цаашид тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох, хүн ам зүйтэй холбоотой эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг сорилтууд тулгарч буй. Түүнчлэн, олон зуун сая хүний амьдралын түвшин, хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдлын асуудлууд ч чухал сэдэв болж байна.
АЗИД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ: БОГИНО ХУГАЦААНД
2008 оны их хямралаас хойш хөгжсөн болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн гүйцэтгэл олон жилийн дунджаасаа нэлээд доогуур түвшинд хадгалагдаж буй. Энэхүү төвөгтэй зүй тогтол Азийн орнуудыг ч тойрсонгүй. Өсөлт, инфляци, тэнцвэрт хүү түүхэн нам дор түвшинд хадгалагдаж, олон оронд эдийн засаг потенциаль түвшнээсээ доогуур гүйцэтгэлтэй явсаар ирэв. Иймд бодлого тодорхойлогчдод эдийн засгаа яаж энэхүү удаашралтай байдлаас гаргаж, цаашид хэрхэн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох вэ гэдэг асуудал тулгарч байна.
Хүндрэлийн үед Азийн олон оронд эдийн засгийн идэвхжлийг дэмжихийн тулд тэлэх бодлогыг их хэмжээний зээлээр санхүүжүүлсэн нь нэг талаар хувийн секторын санхүүгийн байдлыг эмзэг болгож, харин засгийн газрын хувьд төсвийн орон зайг хумиад байгаа нь богино хугацааны сорилт болж байна. Энэ нь ялангуяа засгийн газрын өр ДНБ-ийн 220% давсан Япон, хувийн секторын өр хурдтай нэмэгдэж ДНБ-ийн 170%-д хүрээд буй Хятад зэрэг томоохон эдийн засгуудад хамаатай юм.
Харин мөнгөний бодлогын хувьд хэт зөөлөн бодлого үргэлжилж буй ч, инфляци зорилтот түвшиндээ хүрээгүй улс орнууд олон байна. Хүүний түвшин аль хэдийн хэт нам дор түвшинд орж Япон гэхэд аль хэдийн хасах хүүний бодлого руу шилжиж, Солонгост уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслийн нөлөө хязгаарлагдмал болов. Иймд дэлхийн эдийн засагт дахин нэг шок ирэх үед эдгээр төв банкуудад ямар бодлогын орон зай үлдэж байна вэ гэдэг нь сорилт болж байна. Түүнчлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах макро зохистой бодлогуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарал тавигдаж буй.
Үүнийн зэрэгцээ, Азийн эдийн засгийн цөм болсон Хятадад өрнөж буй эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх өөрчлөлт нь урьдчилан тооцоологүй савлагаа, өөрчлөлтүүдийг бий болгох эрсдэлтэй. Мөн зарим улс орны улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж олон улсад протекционист бодлого хүчээ авч буй нь экспортод суурилсан Азийн олон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТУУД
Азийн гол эдийн засгуудын хэтийн төлөвийг авч үзвэл цөөнгүй улсад хүн амын насжилтын асуудал хурцаар тавигдаж, цаашдын эдийн засгийн чадавхид сөрөг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна. Японы хувьд гэхэд хүн амын ¼ нь аль хэдийн 65-аас дээш настай болсон. Харин Солонгост болохоор Европ, Америкт үзэгдээгүй хурдаар хүн ам нь хөгширч буй. Хүн амын насжилт 2020-2050 оны хооронд Азийн хөгжсөн орнуудад эдийн засгийн өсөлтийг жил тутам 1 нэгж хувиар бууруулах сөрөг нөлөөтэйг ОУВС-аас тооцоод буй.
Насжилт ийнхүү хурдацтай өрнөж байгаа нь зөвхөн өндөр орлоготой улс орнуудын асуудал биш юм. Хятадад ч 1 хүүхдийн бодлогоос улбаатай төстэй зүй тогтол ажиглагдаж байна. Тайланд, Индонези, Энэтхэг зэрэг бусад хөгжиж буй орнуудын хувьд ч “Баяжихаасаа өмнө хөгшрөх” (getting old before becoming rich) үйл явц өрнөж буй. Цаашид төрөлт буурснаар залуу, үр бүтээлтэй ажиллах хүчний тоо багасч, харин тэтгэвэр тэтгэмж, халамжин дээр тогтдог ахмад настнууд өсч байгаа нь эдийн засгийг туйлдуулах гол хүчин зүйл болж байна.
Иймд ажиллах хүчний бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ, тэтгэврийн насыг уртасган, ажиллах чадвартай ахмад настнуудын хувь нэмрийг эдийн засагт хэрхэн оруулах вэ; мөн ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ, тэдний хөдөлмөр эрхлэх орчныг яаж сайжруулах вэ гэдэг нь Азийн орнуудын эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах чухал хүчин зүйлс юм. Түүнчлэн, Хятад зэрэг үйлдвэржилт хурдтай өрнөсөн орнуудад орчны бохирдол хурцаар тавигдаж буй тул эдийн засаг тэлэхийн хэрээр найдвартай бөгөөд байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө багатай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох нь ирээдүйн хөгжлийн тулгуур гэгдэж байна. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал бөгөөд, “Азийн орнуудын туршлагаас бид маш их зүйлийг сурсан. Цаашид ч хамтран ажиллах, цуг суралцах замаар тус бүс нутгийн хүмүүсийн амьдралыг сайжруулах боломжтой” гэдгийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард онцолж байлаа.
Б.Түмэнцэнгэл (ОНБМТ-ийн ахлах эдийн засагч)
Энэхүү нийтлэлд дурдах аливаа дүгнэлт, дэвшүүлсэн санал нь зөвхөн нийтлэлчийн байр суурийг илэрхийлэх бөгөөд Монголбанкны байр суурийг илэрхийлэх албагүй.