"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн халад, гэрийн шаахайтай өвлийн хүйтэнд гадаа гаргасан нь эмнэлгийн байгууллагын сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдэл боллоо гэж ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.20/ мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Шадар сайд Я.Содбаатарт албан шаардлага хүргүүлжээ.
Тэд “Хүнлэг бус хайхрамжгүй энэ үйлдэл эмэгтэйчүүд, эхчүүд, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй нь зүй ёсны хэрэг юм. Эхээс вирус илэрсэн ч эх, нярайн аюулгүй байдлыг хангаж, зохих журмын дагуу тусгаарлан, дулаан хувцас, эд зүйлээ бэлтгэх боломж өгөх ёстой атал хуруугаа ч хөдөлгөөгүй энэ үйлдэл зүгээр нэг дуулиан шуугиан болоод өнгөрөх ёсгүй.
Тиймээс хууль тогтоомж, журам зааврыг зөрчсөн этгээдэд яаралтай хариуцлага тооцох, эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийх, эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх, коронавирусний үед эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах дүрэм, журам, зааврын нөхцөл хэрэгжилтийг шалгахыг шаарджээ.