УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Цар тахлын хатуу нөхцөлд бид хүний эрхийн зөрчлийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэдийгээр хөл хорионд байгаа ч гэсэн хүний эрхийг зөрчлийг дордуулж болохгүй. Үндсэн хуульд болон Цар тахлын тухай хуульд эрүүл мэндээ иргэн бүр хамгаалуулах эрхтэй. Гэтэл Архангайгаас хот руу орж ирэх гэж байсан иргэн 22-ын товчоон дээр нас барсан. Мөн Сэлэнгэ аймгаас ирсэн 10 настай хүүхэд хангалттай эмнэлгийн авч чадалгүй амь насаа алдсан. Энэ бүхнээс харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байж чадахгүй байна. Тусгаарлалтын байрны журмыг зөрчсөн иргэнийг олон нийтэд зарлана гэж оруулсан нь хүний эрхийн гадуурхалт биш үү. Хүний эрхийг хангаж бид цар тахлыг даван туулах ёстой. Мөн гадаадад суугаа иргэддээ Элчин сайдын яамд хэр анхаарч ажиллаж байгаа вэ. Сүүлд Франкфуртын нислэгээр шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг чартер нислэгт суулгаагүй асуудал нэлээд шүүмжлэл дагууллаа. Эндээс харахад Элчин сайдын яамд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа юм биш үү. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм хэрэгслээр иргэдийг тэгш хүртээмжтэй хангана гэж хуульд тусгасан байна. Вакциныг эхний ээлжид нийт хүн амынхаа хэдэн хувьд хийхээр төлөвлөж байна вэ. Бусад орныг харахад эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдаа хамгийн эхэнд вакцинжуулах бодлого барьж байна. Манайд ямар бодлого барих вэ. Голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл,ээлжийн амралтыг нь хэрхэн зохицуулж байгаа вэ" гэж Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас асуулаа.
Шадар сайд Я.Содбаатар "Тодорхой эрхүүд хуулиар хязгаарлагдаж байгаа. Бусад оронд ч мөн адил хязгаарлаж байна. Гэхдээ аль болох хүний эрхийн суурь зарчмуудыг алдагдуулахгүй байх тал дээр ажиллаж байна. Хуульд тодорхой хязгаарлалтуудыг хийх эрхийг өгсөн. Тэр хүрээнд ажиллаж байна. ХЭҮК-ын хоёр ч гишүүн ажиллаж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр очсон хүүхдийн тухайд эмнэлгээс гараад 10 гаруй хоногийн дараа амь нас нь эрсдсэн юм билээ. Зохих бүх үйлчилгээг үзүүлсэн гэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт нь гарсан. Франкфуртын нислэгээр авчраагүй үлдсэн эмэгтэйн хувьд өөрөө уучлалт гуйсаыг та цахим орчноос харсан байх. Тухайн эмэгтэйд ЭСЯ-ны ажилчид нь дундаасаа мөнгө хүртэл өгч хэд хэдэн хүсэлт тавьсан байсан. Манайхан нэг зүйлийг анхаарах ёстой. Шинжилгээний хариуг сонссон, өвдсөн хүний сэтгэлзүйн нь тогтворгүй үед лайв хийж байна. Цэргийн төв эмнэлэгт мөн адил ийм үед нь лайв хийсэн. Тухайн хүн дараа нь эмч нараасаа уучлалт гуйсан байна лээ. Оношоо сонссон иргэд 2-3 цагийн хугацаанд маш стресстэй байгаа шүү дээ" гэх хариултыг өглөө.
Мөн тэрбээр "ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрөөр дамжуулан нийт хүн амын 20 хувийг вакцинжуулна. Цаана нь дахин нийт иргэдийнхээ 60 хувийг вакцинд хамруулах тооцоо судалгааг хийж, авах газрууд, худалдан авах болон бүх мэдээллийг бэлтгэх ажиллагаанууд хийгдэж байна. Одоогоор дэлхий нийтэд хэрэглэж байгаа вакцинуудаас 16-18 наснаас доош хүүхдүүдэд хийх заалттай вакцин гараагүй байна. Тэгэхээр насанд хүрсэн 2 сая хүн амаа вакцинжуулахаар тооцож, вакцинаа оруулж ирж байгаа. Вакцин хийлгэх үү, үгүй юу гэдэг нь хуулиараа хүний эрх. Тиймээс вакцинжуулалтыг голомтод ажиллаж байгаа эмч нараас эхэлнэ. Үндсэндээ 10-аад ангилалтай байгаа. Эхлээд эмч нар дараа нь суурь өвчтэй, хүнд өвчтэй хүмүүс болон 55-аас дээш насны ахмадууд, уушги, амьсгалын замын өвчтэй хүмүүс зэрэг бүлэг бүлгээр нь ангилж вакцинжуулна. Вакцинжуулалтын ажлыг нэгдүгээр улиралдаа багтааж эхлүүлэхээр бүх төлөвлөгөө батлаад явж байна" гэсэн юм.