card

Монголчууд маргааш шинэ Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр. 

"Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэгчээр шинэ Ерөнхийлөгч ажилдаа орох хугацаа ойртох тусам одоогийн Төрийн тэргүүний хэлэх үг бүр л сонин, содон, тод аж.

Монголд нийт ард түмнээсээ сонгогддог, гурван сая иргэнийг төлөөлдөг ганцхан алба байдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. 

Энэ хүндэт үүргийг найман жилийн турш хүлээж удахгүй ажлаа өгөх гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ikon.mn сайтын "Өглөөний Хүн" булангийн ээлжит зочин боллоо. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн найман жилийн хугацаан дахь хамгийн сүүлийн ДЭЛГЭРЭНГҮЙ, ТҮҮХЭН ярилцлагыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 

Түүний найман жилийн ажлыг тоймлосон 167 хуудас ХУРААНГУЙ тайлан хэвлэгджээ. Хийсэн, бүтээсэн, хийж амжаагүй бүхнийг энд ярилцвал бидний яриа дуусахгүй нь лавтай. Харин түүнээс бид энэ удаад ямар үгс, сургамжийг авч үлдэх ёстойд, бас олонд төдийлөн яригдаагүй дэлхийн төр засгийн удирдагчидтай үүсгэсэн нандин, дотно харилцаа, хувь хүний хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахыг хичээв. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж @Elbegdorj
Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort
Зураглаач: О.Анхбаяр, Г.Баасандорж
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn

Элбэгдорж

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр…

НЭГ. МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛС

- Яриагаа таны сүүлийн жиргээнээс эхэлье. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан хууль хэрэгжиж эхлээд байна. Зөрчлийн хуульд та ямар байр суурьтай байгаагаас ярилцъя?

- Үг хэлэх эрх чөлөө хүнд байгаа бүх эрхийн эхлэл гэж би ойлгодог. Тийм учраас төрийн зүгээс энэ эрх рүү халдлага хийх ёсгүй гэсэн байр суурийг барьж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл иргэний аливаа асуудлыг шийдэх эрхийг өөрт нь үлдээх ёстой. 

Ард түмэн төрийн албан хаагч, төрийн тухай үзэл бодлоо илэрхийлэх гэвэл хардахаас эхэлдэг.  Бүх мэдээлэл заавал үнэн, зөв байх албагүй. 

Дээрээс нь Монгол өөрөө их онцлогтой. Монголчуудын үг хэлэх эрх чөлөөг нь боох юм бол бусад бүх эрх чөлөө нь боогдох магадлалтай. Тиймээс ч Монголчуудыг мохоож болохгүй.

Миний улстөрд орсон үеэсээ баримталсан зарчим хэн юу ч гэж хэлсэн тэр хүний өөдөөс гомдол илэрхийлэх, цагдаа, шүүхээр явахгүй байх. Ингэж бид хэвлэл мэдээллээ үргэлж зоригжуулж байх хэрэгтэй. Монголчууд зоригтой, золбоотой, өөрийн байр суурьтай байх ёстой юм. Үүгээрээ л бид эргэн тойрноосоо ялгарна. 

- Хууль нэгэнт хэрэгжээд эхэлчихлээ. Одоо бид яах вэ?

- Хуульд өөрчлөлт оруулах боломж нээлттэй. Иргэдийн үзэл бодлыг хавчсан энэ заалт ерөөсөө байх шаардлагагүй.  Учир нь манайд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл гэх байгууллага бий. 

Харин иргэн, хувь хүний үзэл бодлоо илэрхийлж байгаад асуудал байх юм бол Иргэний хуулиараа шийдэх ёстой юм. Хэзээ ч үүнийг Зөрчлийн юм уу Эрүүгийн хуулийн асуудал болгож болохгүй. 

Бидний үг хэлэх эрх чөлөөг боох юм бол бусад бүх эрх чөлөө боогдох магадлалтай

- Энэ хуулийг хэрэгжих нь зөв гэж үзэх хэсэг бас байна. Жишээ нь, энэ сонгуулиар гэхэд биенээ гүтгэн доромжилсон зүйлс хэрээс хэтэрлээ гэх нь бий. Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь бусдыг гүтгэн, доромжлох эрх мөн үү. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

- Зөрчлийн хуулийн асуудал нь тэгш эрхийн зарчим алдагдсаны шинж.  Хүний нэр төрийг гутаасанд тооцогдох хэргийн хохирогч нь барагтаа жирийн иргэн байхгүй болов уу. Ер нь л төрд албан тушаал хашиж байгаа үйлдлээ бодохгүй хүмүүсээс үүдэх асуудал юм. Тэгэхээр ийм асуудалд орохгүйн тулд улстөрчид өөрсдийнхөө үйлдлийг л хичээ. 

Хоёрдугаарт, улстөрчдийг муу хэлүүлж байгаа, тэр тусмаа дайруулж, гүтгүүлж байгааг манайхан хар мэдээлэл гэдэг. Миний зарчим хар мэдээлэл явж байх тусмаа сайн. Худлын орон зай бөглөгдөх тусам үнэний орон зай нээгдэж байдаг юм. Чиний тухай энэ удаад муу хэлж байгаа бол дараа нь сайнаар дурсах боломж байнга л үлдэж байдаг. Тийм учраас улстөрчид, төрийн албан хаагчид тайван байх хэрэгтэй.

Өнөөдөр миний тухай буруу мэдээлэл гарчихсан бол түүнийг заавал няцаагаад байх ч албагүй. Няцаах зайлшгүй шаардлагатай бол “Энэ худлаа” гээд хэлчих боломж, орон зай твиттер, фэйсбүүкээс эхлээд байна. 

Нэгэнт таныг гүтгэчихсэн л бол тэр асуудал цаг хугацааны эрхэнд ач холбогдолгүй болдог. Тэгэхээр Зөрчлийн хууль шиг иргэний хууль ёсны эрхэд халдсан хуулийн заалт, торгууль байх ямар ч шаардлагагүй. Иргэний хууль болон өөрийнхөө хяналтын зарчмаар цаашаа яваг. 

- Та энэ хуулийг санаачилсан, баталсан эрх баригчдад хандаж үгээ хэлж байна. Тэгвэл яг энэ хуульд буруутгагдаж болох иргэд, олон нийтэд хандаж юу хэлэх вэ. Эрх чөлөө гэдэг бусдыг гүтгэж, доромжлох зүйл мөн үү?

- Эрх чөлөөтэй амьдрах нь өөрөө хариуцлагатай амьдрахыг шаарддаг. Эрх чөлөөтэй байна гэдэг ухаан шаарддаг. Нийгэм нь эрх чөлөөтэй байгаа газар иргэдээсээ л илүү ухаан шаарддаг. 

Харин эрх чөлөөгүй нийгэмд хүмүүс даргаасаа удирдамж, чиглэл шаарддаг юм. 

Эрх чөлөөгүй нийгэмд хүнээр удирдуулаад яваад байх амархан. Харин эрх чөлөөтэй нийгэмд хүн өөрөө, өөрийгөө л удирдах хэрэгтэй болдог нь заримдаа замбараагүй юм шиг байдал үүсгэдэг. Гэхдээ энэ урсгал цаашаа өөрөө өөрийгөө цэвэрлээд л яваад байдаг юм. 

Улстөрийн олон үйл явцаас харж байхад манай нийгэм, ард иргэд улам л хэрсүү болж байна.Ард түмний маань хийж байгаа сонголт, тэднээс гарч байгаа санал, санаачлага улам л сайжирч байна. Үүнд л итгэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, нийгэм өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх боломж дотор нь байж байгаа юм. 

- Ард түмнийг харанхуй сонголт хийдэг, боловсролгүй байна гэх утга бүхий үзэл бодол их хөврөх болж. Ганц нэг УИХ-ын гишүүн ч, албан тушаалтан ч ийм авир гаргалаа. Боловсролгүй иргэдээс сонгогдсон хүн өөрөө ямар хүн байх вэ гэдэг асуулт гарч ирэх байх. 

- Тийм ээ. Дарга нарын нэг дутагдал бий. Тэр нь ард иргэдийг сурагчид гэж хардаг.Өөрсдийгөө бараг л багш нар гэж боддог. Энэ маш буруу. Иргэн хүний тархины хэмжээ ойролцоогоор 1.4 кг.  Дарга болчихоор 3 кг тархитай болчихдог зүйл байхгүй. Дарга гэдэг утга зөвхөн тэр хүний нэрний өмнө бичигдэж байгаа үг болохоос өөр юу ч биш. 

Өөрийнхөө амьдралаас нэг түүх хэлье.
 
Манай нутагт шуурга маш хүчтэй болдог. Хэчнээн хүчтэй шуурга болдог ч тэнд амьдарч байгаа улс өөрсдийнхөө гэрийг салхинд хийсгэчихгүй аваад л гардаг. Шуурга болох гэж байна гэхээр л аав маань хажуу айлын дэрвэлзэж байгаа өрхийг хараад л гүйж очоод хамтарч тэр гэрийг салхинаас хамгаалдаг. Дараа нь өөрийнхөө гэрийг дараад л, бид нар хүртэл тооно, хананаасаа зүүгдээд л  ямар ч хүчтэй шуурганаас гэрээ аваад гардаг байлаа.

Тэгэхээр энэ Монголоо авч гарахын тулд Монголынхоо төлөө зарим зүйл дээр бид нэгддэг байх хэрэгтэй. Манайхны нэг дутагдалтай чанар бол алив зүйлийн төлөө нэгдэж чаддаггүй. Харин нэг зүйлийн эсрэг бол нэгдэх гээд байдаг. Одоо энэ дутагдлаасаа салах хэрэгтэй. 

- Шуурганаас гэрээ авч үлдэж байгаа үйл явцыг та одоогийн улстөртэй холбож хэлж байна гэж ойлгож болох уу?

- Тэгж хэлж болно. Асуудлыг буруу зөрүү байна гэж байгаа хэсэг маань санал бодлоо нэгтгээд илэрхийлдэг нийгмийн хандлага, соёлыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд байгаа нэг гайхамшиг бол нийтийн сүлжээ. Өмнө нь бидэнд хэзээ ч байгаагүй зүйл. Улс нийгмийн бүх амьдралын хэв маягийг өөрчилж байгаа зүйл юм. Үүгээр дамжуулаад олон зүйлийг өөрчилж болно. 

 

- Таны хувьд олон нийтийн сүлжээг ямар хэмжээнд хэрэглэж байна вэ?

- Би олон нийтийн сүлжээг амьд урсгал гэж хардаг. Амьд харилцаа дотор муу, сайн бүх зүйл нь бий. Гэхдээ сайн нь давамгайлдаг. Яг л усны урсгалтай адилхан. Урсах тусам сайжраад, эрүүлжээд явдаг. 

Энэ олон нийтийн сүлжээг бохир болгож байгаа хэсэг нь улстөрчдийг гэж боддог. Өөрийнхөө явцуу сонирхлыг хангахын тулд хуурамч мэдээлэл, хуурамч хаягнуудыг ихээр бий болгож байна. 

Энэ зүйлд иргэдийн ихэнх нь автдаг байсан.  Харин одоо ингэж автдаг хэсэг багасаад л байгаа. Энэ нь гайхамшигтай. Тиймээс олон нийтийн сүлжээг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Яг төрийн ажил хийж байхад энэ амьд харилцаа маш их хэрэг болно. 

Олон нийтийн сүлжээг чөлөөтэй байлгах бас нэг сайн тал нь ерөөсөө Монголчуудын мэдлэг, мэдээлэл авах боломж нь улам нээлттэй байх хэрэгтэй юм. 

Би боддог юм. Монгол хүн аль нэг чадвараараа хүн ам ихтэй улс орны 10, 20 хүнтэй тэнцүү хэмжээнд байх ёстой гэж. Наад зах нь, мэдээлэл боловсруулах чадвараар.  Монгол хүн амын тоогоор тийм их биш байж болно. Харин агуулгын хувьд Монголчууд олон юм шиг л байх ёстой. Энэ боломжийг олон нийтийн сүлжээ олгож байна. 

Бид хүрсэн түвшиндээ хэзээ ч ханадаггүй нийгэм рүү орсон

-  Монголын улстөрийг “Жижиг улсын том улстөр” гэж томьёолох нь бий.  Жижиг улс гэдэгтэй та санал нийлэхүү?

- Би Монголыг том болж байгаа улс гэж боддог. Яагаад бид том болж байна вэ гэхээр ард түмнийхээ хэрсүү болж байгаагаар тайлбарлана. Цагийн салхинд нэг тийм амархан унаад байхгүй, бага зэргийн гүтгэлэг, бага зэргийн шуурганд бол хөдлөхгүй болчихсон шүү дээ.

Дээрээс нь дэлхий дээр манай гараг шиг хэдэн зуун гараг байна. Өөрийнхөө дэлхийг олж төрнө гэдэг гайхамшиг. Дэлхийгээ олоод төрсөн чинь хэдэн зуун улсаас Монгол Улсыг олж төрнө гэдэг маш ховор зүйл. Монгол улсаа олоод төрсөн ч гэсэн аав, ээжээ, төрөх газраа олоод төрнө гэдэг гайхамшиг. Ийм хувь заяагаараа л бахархах хэрэгтэй. Ийм бахархалтай байж чадвал бид хэзээ ч хүний дор орохгүй. Тийм учраас Монгол хүний зориг, бахархлыг муутгаж, мохоож болохгүй гэдэг миний амьдралдаа барьдаг гол зарчим. Энэ мохоолт гэдэгт тэр Зөрчлийн тухай хууль хамаатай.

- Бид яагаад Монголд төрснөөрөө бахархах ёстой вэ. Бидэнд давуу чанар, хүчин зүйл гэх зүйл байна уу?

- Яг орчин үеийн Монголчуудад байдаг нэг давуу тал бол эрмэлзлэлтэй байдал. Бид ямар нийгэм рүү орсон бэ гэхээр хүрсэн түвшиндээ ханадаггүй буюу амжилтандаа ханадаггүй нийгэм рүү орсон. 

Өнөөдөр Ц.Элбэгдоржийн ажлыг хүмүүс дүгнэхдээ “Болсонгүй ээ. Хийх ёстой олон зүйлээ энэ хүн хийж чадсангүй” гэж дүгнэх талдаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ард түмэн илүү их эрмэлзэлтэй, илүү их зорилготойг л харуулж байна. 

Дараагийн Ерөнхийлөгчөөс илүү их зүйл шаардана. Үүнийг л харуулж байгаа. Бид ямар нийгэм рүү орсон бэ гэдэг утга учрыг сайн харах хэрэгтэй. Бид хүрсэн түвшиндээ хэзээ ч ханадаггүй нийгэм рүү орсон. Бүгд нэг намын юм уу, ганцхан телевизээр тархиа угаалгаад л суудаг нийгэм биш.  Хүн бүхэн, айл өрх болгонд манайх уг нь сайхан амьдарч байгаа ч илүү сайхан амьдрах боломж байгаа гэдгээ мэддэг.  Аж ахуйн нэгж ч бас өнөөдөр бидний орлого сайн байна. Гэхдээ илүү орлого олох боломж байна гэж боддог, тэмүүлдэг. Дандаа ингэж сайн зүйл рүү тэмүүлж байдаг нийгэм рүү бид орсон. 

- Хүүхдээр бол Монголыг гэр хороололд өсч байгаа хүүхэдтэй та зүйрлэж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу? 

- Дэлхий дээр байгаа долоон тэрбум хүнтэй Монгол хүнийг харьцуулбал, Монгол бол гэр хорооллын хүүхэд. Хагас нүүдэлчин, хагас суурьшмал.  

Яг өнөөдрийн гэр хорооллын хүүхдийг аваад үзээрэй. Тэдгээр хүүхдүүдийн эрмэлзэл илүү.  Нөгөө талд бүх зүйл нь ханачихсан, мөнгөний тоо мэдэхгүй, хөлнөөсөө толгой хүртлээ брэндэд хучуулчихсан айлын хүүхдүүд эрмэлзэл нь алга болчихож байгаа юм. Тэгэхээр Монголын сайн сайхан, дараагийн гайхамшигтай хүмүүс хаанаас төрөх вэ гэхээр гэр хорооллоос төрнө. Тэр хөдөө орон нутаг дахь хүрч ядаж байгаа амьдралаас төрнө шүү. Тэр шуурга борооноос гэрээ авч гарах гэж зүдэрч байгаа хүмүүсээс төрнө. Би үүнд эргэлзэхгүй байна. Ийм хүмүүс нь олонх байхгүй юу. Өнөөдөр зовлон ихтэй муу байгаа нь жаргалд хүрэх боломж амтагдаж байна гэж харах хэрэгтэй. 

Бүх зүйлээр ханачихсан айлын хүүхэд эргээд барагтаа ядуу болохгүй. Харин ядуу, зүдүү байгаа айлын хүүхдүүд эргээд тэр бүх зүйлийг бий болгоно. 

- Монголчууд бүгд л сайхан нийгмийг бүтээх гэж, өөрсдөө сайхан амьдрахыг хүсдэг ч сайн яваа нэгнээ үзэж чадахаа больсныг та юу гэж дүгнэх вэ?

- Арчаатайхан улс бол хийж бүтээж байгаа, золбоотой байгаагаа хамтарч дэмжээд л урагшилдаг. Арчаа муутайхан улс бол хийж бүтээж байгаа цөөхөн хэсгээ хувааж идэж, хувааж зүхэж байрандаа эргэлддэг ийм хандлага байгаа юм.  Би юу гэж хэлэх вэ гэвэл хүн болгонд боломж байна. Хүнээс өөрөөс нь бүх зүйл шалтгаалж байна. Хүний зовлонгийн шалтгаан бол хүн өөрөө л байдаг.

- Одоо Монголчууд бидэнд дутагдаж байгаа мөн чанарыг нэрлээч гэвэл та юу дурдах вэ?

- Улс орны хөгжил гээд аваад үзэх юм бол хоёр чухал зүйл байна. Бид хүрсэн түвшнээсээ ахих тийм чадварыг л салбар бүрт, хүн бүр эзэмших хэрэгтэй. Өнөөдөр улстөрд орж ирж байгаа хүмүүст улстөр муухай харагдаж болно. Тэгвэл энэ муухайгаас яаж ангижрах вэ гэдэг чадварыг л эзэмших хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх л улстөрчид, удирдагчид үүгээрээ л уралдаж байгаа. 

Чи энэ чадварыг эзэмшиж чадсан уу, үгүй юу. Аливаа муу байгаа зүйлийг сайжруулах маш хэцүү. Харин сайн зүйлийг муутгах шиг амархан юм байхгүй. Үүнийг хүн болгон хийж чадна.

Харин муу байгаа зүйлийг сайжруулж түүнийгээ нийгмийн соёл болгоно гэдэг хэцүү. Тэгэхээр ийм чадварыг л бид эзэмших ёстой. Энэ чадвар хүний нийгмийн хөгжлийг тодорхойлж байгаа. 

Улс орны хөгжил гээд аваад үзэх юм бол хоёр чухал зүйл байна.

Нэг зүйлийг хэлэхэд, би өдөр бүхэн өөрийгөө Ерөнхийлөгч гэж боддоггүй.

Нэг зүйлийг хэлэхэд, би өдөр бүхэн өөрийгөө Ерөнхийлөгч гэж боддоггүй. Би өөрийгөө хийх ёстой ажлаа хийж яваа хүн л гэж боддог. 

Гэхдээ энэ ажлаа дуусах хугацаанд нь дуусгаад л дараагийн амьдралаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Энэ надад тийм хэцүү, онцгой зүйл биш. 

- Дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа та ажлаа хүлээлгэж өгч байгаа хүнээ хүндэтгэн үдэх хэрэгтэй талаар хэлж байсан юм билээ. Манайхан хүндэтгэл үзүүлдэггүй хэрэг үү?

- Ажил хүлээж авч байгаа хүнээ бид сүртэй ёслол хийгээд угтаж авдаг. Буугаад явж байгаа хүнээ ч бас аятайхан үдэх соёл Монголчуудад байдаг. Монголчуудад байдаг нэг сайхан чанарын нэг нь салахдаа сайхан салаарай гэж. Хүнтэй уулзаад салахдаа “Баяртай, Эргэж уулзая, Сайн сууж байгаарай” гэж хэлдэг. Хүнтэй ямар ч нөхцөл байдалд уулзсан байж болно. Харин салахдаа сайн салж байх хэрэгтэй. Зарим тохиолдолд тэр салалт чинь сүүлчийнх байж магадгүй шүү дээ. 

Төрийн ажлаа хийгээд бууж байгаа хүмүүстээ ижил биш юм гэхэд дутуугүй хүндлэл үзүүлж байсан Монгол төрийн уламжлал байдаг л даа. Би энэ тухай л бодож байсан юм. Миний хувьд төрийн өндөр албан тушаалаас  унаж, босч явсан хүн учраас үүнийг мэдэрсэн. Мэдэрсэн хүн л үүнийг хэлнэ үү гэхээс гаднаас нь хараад хэлэх боломжгүй. 

- Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан найман жилийн ажлаа та “Ардын үг” хэлэлцүүлэгт тайлагнаж, дүгнүүллээ. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцогчид их өндөр үнэлгээ өгчээ. Яг та өөрөө хийсэн ажлаа та хэрхэн дүгнэж байгаа вэ?

- Үүнийг цаг хугацаа, олон түмэн дүгнэнэ. Би өөрөө дүгнээд байх ямар ч шаардлага байхгүй. Миний ажил үргэлжилж байна. 

- Гэхдээ та өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэсэн биз дээ?

- Монгол Улсын Ерөнхийлөгч болоод ийм, тийм зүйл хийнэ гэсэн бадрангуй сайхан сэтгэлээр маш олон зүйлийг төлөвлөж болно. Гэхдээ тэр бүхнийг хийх боломж Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг уу, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэдгийг энэ албан тушаалыг сонирхож байгаа хүн бодох л хэрэгтэй. 

Монголын бүх үеийн түүхээс ч харж болно. Ер нь Монгол төрийн тэргүүн байсан хүмүүс бодсон бүхнээ хэрэгжүүлэх боломж, аз нэгэнд нь ч тохиогоогүй байх гэж боддог. Гэхдээ энэ бол бүх ажлаа муу, дутуу хийнэ гэсэн үг биш. Бидний аугаа их хаад, үе үеийн төр тэргүүлж байсан хүмүүс олон л ажил төлөвлөж байсан байх. 

Монгол бол өөрөө өвөрмөц байршилтай, өвөрмөц хувь заяатай, маш онцлогтой улс. Үүнийгээ бодож байх хэрэгтэй. 

​Шударга ёсонд суурилсан эв нэгдэл амь бөхтэй. Түүнээс албан тушаал дээр суурилсан эв нэгдэл хамгийн арчаагүй.

- Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж заадаг. Энэ талд та яг ямар ажил хийсэн бэ?

- Эв нэгдлийн суурь нь хууль байгаа юм. ​Эв нэгдлийн суурь нь шударга ёс юм. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл амь бөхтэй. Түүнээс албан тушаалын эв нэгдэл дээр суурилсан эв нэгдэл бол хамгийн арчаагүй. Үүнийг бий болгохын төлөө л би ажилласан. 

- Ерөнхийлөгч ганцаараа аливааг хийх боломж бага. Тэгэхээр баг маш чухал. Та багаа хэрхэн дүгнэх вэ?

- Миний баг Монголын ард түмэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба гэдэг өнөөдрийн байдлаар хамгийн бага ойлгогдсон, хамгийн их мушгигдсан, үл ойлгогдож байгаа алба. Учир нь гурван сая хүнийг нэг хүн төлөөлдөг. Их хурал юу хийдэг вэ гэдгийг манайхан сайн хэлнэ. Засгийн газар ч юу хийдэг вэ гэдгийг ч хэдэн мянган төрийн албан хаагч хэлж чадна. Харин Ерөнхийлөгчийг нэг л хүн төлөөлдөг. Гэтэл цаана нь 3.1 сая хүн хараад сууж байдаг нь янз бүрээр ойлгогдох эхлэл. 

Яагаад Монголын ард түмэн миний баг вэ гэхээр олон нийтийн санаа, сэтгэлийг юу зовоож байна вэ, шинээр гарч байгаа санал, санаачилга нь юу байна вэ гэдгийг олж харж зарим нэг зүйлийг нь ажил болгох юм. 

Энгийн жишээ. Төв Номын Санд байсан бүх номыг дижитал болгож хувиргалаа. Энэ төслийг Ерөнхийлөгчийн санаачилгаар манай Тамгын газар хийсэн. Багагүй хөрөнгө зарсан. Бидэнд төсөв байгаагүй ч өөрсдийнхөө үйл ажиллагааг хэмнэж байгаад л хийв. Төв Номын Сангийн нэн ховор номыг хүн бүхэн эргүүлээд байх биш бүгд дижитал болчихсон учраас тэр гайхамшгуудтай чөлөөтэй танилцах боломжтой болчихсон. Яг иймэрхүү маягаар иргэдээс гарч байгаа сайн санаачилгыг олж харж дэмжих явдал чухал байдаг. 

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ажил гэдэг бол ихэнх нь ард иргэдийн дундаас гарч ирж байгаа санаачилга юм. 

Харин яг өөрөө юм хийе гэвэл Их хурал, Засгийн газартайгаа зөвлөлдөх хэрэгтэй болно. Хүнийг гуйж, бусад институцтэй хэл амаа олох гэж гуйж хийдэг ажил юм. 

- Таны хийсэн ажлын хураангуй тайланг харахаар 61 хууль, тогтоолын төсөл санаачилж, 36-г нь батлуулж чадсан юм билээ. Тэгэхээр энэ олон хууль иргэдийн захиалга гэхээсээ илүү цоо шинэ үзэл, санаануудыг шингээсэн байсан шүү дээ. 

- Бусад институц буюу бусад хүний санаачлахгүй хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв гэж боддог. Шилэн дансны хуулийг ямар ч Засгийн газар, УИХ-ын гишүүн санаачлахгүй.  Өөрсдөдөө хариуцлага тооцох тухай хуулийг ямар ч албан тушаалтан санаачлахгүй л байсан. Ерөнхийлөгч л санаачлах хэрэгтэй.  Зарим хүн ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасъя гэдэг.  Ингэж нэг талаас нөгөө туйл руу туйлшрах хэрэггүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж болно. 

Гэхдээ улстөрд хариуцлага бий болгох чиглэлд Ерөнхийлөгч хууль санаачилдаг байж болно. Шүүх, хуулийн байгууллагыг илүү хариуцлагатай, ард түмнийхээ чиглэлд үйлчилдэг болгоход Ерөнхийлөгч хууль санаачлах хэрэгтэй байж болно. Яагаад гэхээр өөр институтүүд санаачлахгүй. Мөн зэвсэгт хүчин, батлан хамгаалах, улс орны аюулгүй байдалтай холбоотой, түүнийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийг Ерөнхийлөгч санаачилдаг байж болно. Ерөнхийлөгч санаачилддаггүй юм гэхэд тэр хүнээс санал авдаг байх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар зөв зохицуулж болно. Харин бусад нийгмийн халамж, эдийн засаг гэсэн түмэн зүйлийг Ерөнхийлөгч санаачлах шаардлага байхгүй. Миний нэг баримталсан зарчим бол албан тушаалтан хүсэхгүй байгаа ч ард түмэнд хэрэгтэй, зөв соёлыг бий болгочих гэсэн тэр зүйлийг л барьж авсан. 

- Ерөнхийлөгчийн албын ойлгомжгүй байдлыг сайжруулахын тулд та чухам юу хийсэн бэ. Бид хоёрын ярилцлага Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байгаа үед таарч байна. 

- Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт дээр хүмүүс янз бүрийн санаачилга гаргаж болно. Гэхдээ Үндсэн хуульд орох гэж байгаа өөрчлөлт зөв үү, буруу юу гэж боддог, өнөөдрийн зөв гэж бодоод байгаа зүйл маргааш буруу болчих вий гэж болгоомжлох үүрэгтэй ганц албан тушаалтан бол Ерөнхийлөгч. Бүх албан тушаалтнаас ялгаатай байдаг зүйл нь Ерөнхийлөгч Үндсэн хуулин дээр гараа тавьж тангараг өргөдөг. Би бодохдоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол нэг удаа нэг л харилцааг оролд. Үндсэн хууль бол Монгол Улс. Тийм учраас улс орноо татан буулгачих, улс оронд хор хохирол учрах санаачилга байж болохгүй. 

Улстөрд миний хүрсэн олон дүгнэлт бий. Түүний нэг нь ямар ч санаачилга эхлээд дандаа сайхан байдаг. Ер нь муу зүйл эх орондоо бодож санаачилна гэж бараг байхгүй. Санаачилга дандаа гэмгүй сайхан байх нь бий. Харин үр дагавар нь ихэнх тохиолдолд муугаар төгсдөг. Үүнийг л бодох хэрэгтэй. Юмыг эхнээс нь биш төгсгөлөөс нь хардаг чадвар улстөрд хэрэгтэй. Хүний амьдралд ч хэрэгтэй. Нэг зүйл эхлүүлэх гэж байгаа л бол төгсгөлөөс нь харж чаддаг байх хэрэгтэй. 

Бидний сайн амжилттай гэж үзэж байгаа зүйл дотор муугийн үр дагавар явж байдаг юм шүү. Бидний өнөөдөр хүндрэл, бэрхшээл, зовлон гэж харж байгаа зүйлийн дотор боломж агуулагдаж байдаг юм шүү гэдгийг л бодох хэрэгтэй.  

Бусад институц буюу бусад хүний санаачлахгүй хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв. Жишээ нь, Шилэн дансны хуулийг ямар ч Засгийн газар, УИХ-ын гишүүн санаачлахгүй байв

- Улстөрийн хувьд таны үлдээж байгаа өв гэвэл юуг онцлон хэлэх вэ?

- Элбэгдорж гэдэг нэр үлдэх албагүй гэж би боддог.  Харин энэ нэр мартагдаад хийж байсан, санаачилж байсан зүйлс маань нийгмийн, улс орны амьдралд соёл болоод үлдчихээсэй л гэж бодож байна. 

Олон орны төр, төрийн тэргүүнд байдаг уламжлал байдгийг Монголд бас үлдээх ёстой гэж бодож байгаа. Би нэг хуудас захиа үлдээнэ. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд хуучин Ерөнхийлөгч нь шинэ хүнд өрөөгөө танилцуулдаг. Тэгэхэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчид хүлээлгэж өгөх зүйлсийн жагсаалтыг би сая гаргуулсан. Намайг энэ албыг авахад төрийн тамга өгсөн. Тамганы хайрцган дотор Үндсэн хуулийн эх хувь байдаг. Би үүн дээр нь долоон зүйлийг нэмж нийтдээ ес болгож байгаа. Тэрний нэг нь тэр зурвас юм. Дараагийн Ерөнхийлөгчид хэлэх үг гэсэн үг. Үүн дотор байх хамгийн чухал үг бол хайр. Эх орноо хайрлаарай, Монголын ард түмнийг хайрлаж яваарай гэсэн үг байна. Үнэхээр хайрлаж явах ёстой эх орон, ард түмэн байхгүй юу. Би бол Монгол хүн болсноороо маш их бахархдаг. Энэ бол миний цусанд байгаа зүйл.  Хайраас зөв үйлдэл гардаг. Эх орноо хайрладаг Ерөнхийлөгч эх орныхоо эсрэг юм хийхгүй. 

- Таныг хийдэг бус ярьдаг Ерөнхийлөгч гэж тодорхойлох гээд байдаг тал бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Ерөнхийлөгч хүн ганцаараа бараг юм хийх боломжгүй. Гэхдээ өөрчлөлт хийе гэж бодож байгаа бол хүн эхлээд бусдад ярьж ойлгуулах нь чухал. Хүмүүс миний ярьдаг, санаачилсан зүйлсийг ойлгоод эхэлчихсэн байна. Харин энэ үед нь тэр дүрэм журмаа шууд өөрчлөөд явах боломж юм. 

- Та олон ажил хийхээр санаачилсан ч ганцаараа учир энэ их өөрчлөлтийг хийх боломжгүй байлаа гэж байна. Гэхдээ хүмүүст өөрчлөлт хийх ёстой гэсэн ойлголт буюу суурь дэвсгэрийг үлдээлээ гэж хэлэх гээд байна уу?

- Хийгээд үр дүн нь гарчихсан 130 ажлыг бид жагсаасан. Хүмүүс миний ажлыг мэдэхгүй байна гэдэг зарим хийсэн зүйл маань амьдралд нь шингэчихсэн соёл болчихсон байна гэсэн үг. Заавал миний нэрийг цээжлэх албагүй. 

Жишээ нь, “Архигүй Монгол” гэдэг уриалга. Өчигдөр нэг хүн зурагтаар “Өмнө нь ажил бүтээхийн тулд шил архитай очихгүй бол болдоггүй байсан. Одоо ажил бүтээхийн тулд шил архи байтугай архи үнэртүүлээд ороход л ажил нь бүтэхгүй болж байна” гэж байсан. Нийгмийн соёл өөр болж байгаа биз. Соёл ямар их өөрчлөгдөж байгааг бид анзаарахгүй байна. 

Одоо сум, дүүрэг, хороо бүхэнд Иргэний танхим ажиллаж байна. Гарах гэж байгаа шийдвэрээ урьдчилж нэг ярьдаг болчихлоо. Энэ соёлыг хэн ч зогсоож чадахгүй. Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Үүнийг үгүй хийх юм бол орон нутагт ажиллаж байгаа Засаг дарга, Иргэдийн хурал нь бараг босно доо. Ингэж бид эрхээ мэдрэх хэрэгтэй. Үүнийг амьдралд нь оруулаад соёл болгоод өгчихсөн байхгүй юу. 

Өнөөдрөөс шүүхээс гарч байгаа шийдвэр эргээд нууц байдал руу орлоо гэж бодъё. Хэзээ ч үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Одоо ард түмний 99 хувь нь үүнийг мэддэг болчихсон. Шүүхийн шийдвэр улам л ил тод болно. Ил тод байх тусмаа чанаржина. Үүнийг Элбэгдорж хийсэн байна уу, Болороо хийсэн байна уу гэдэг нь сонирхолтой биш. Үүнийг л улстөрд амжилт гэж хэлээд байгаа юм. 

Миний хувьд сүүлийн дөрвөн жил өөрийнхөө зардлыг хамгийн багаар бодоход 60 хувь хаслаа.Дөрвөн жил 60 хувиар хасч болж байна. 

Элбэгдорж бага зүйл хийсэн гэж ярьж байгаа бол тэр хүний л бодол. Магадгүй амжилт ч байж мэднэ. Надад заавал хийсэн бүхэндээ нэрээ үлдээх хэрэг байхгүй. 

ХОЁР. НАЙМАН ЖИЛИЙН АЛБА

- Таныг төрийн ордонд анх 27 настайдаа орж ирж байсан гэдэг.  Харин одоо 27 жилийн дараа Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөх гэж байна гэсэн сонирхолтой тоон давхцал байгаа юм билээ. 

- Бас л сонин давхцал. 27 настайдаа би Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат болоод Төрийн ордонд орж ирж байлаа.  Харин одоо 27 жил улстөр, төрд ажиллаад ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. Би нэг зүйлд их баярлаж байгаа. Алив зүйл цаг хугацаатай байна гэдэг ямар сайхан юм. Дөрөв, дөрвөн жил буюу найман жил Ерөнхийлөгчийн ажлыг хийлээ. Түүнээс цааш боломжгүй. Хуультай байна гэдэг их сайхан. Тэгэхээр яг энэ цаг хугацаандаа багтаагаад ажлаа хийсэн шиг хийгээд л явах хэрэгтэй. 

 

ГУРАВ: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ ОЛОЛТ БА ДУРСАМЖ

ГУРАВ: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ ОЛОЛТ БА ДУРСАМЖ

- В.Путин Ерөнхийлөгчтэй та хамгийн олон уулзсан төрийн тэргүүн байх. Хувь хүмүүсийн хувьд та хоёр хэр ойр дотно хэмжээнд нөхөрлөдөг вэ?

- Маш сайн хэмжээнд гэж хэлж болно. 

- В.Путин Ерөнхийлөгчийг хувь хүнийх нь үүднээс та юу гэж тодорхойлох вэ?

ГУРАВ: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ ОЛОЛТ БА ДУРСАМЖ - Copy

- В.Путин Ерөнхийлөгчтэй та хамгийн олон уулзсан төрийн тэргүүн байх. Хувь хүмүүсийн хувьд та хоёр хэр ойр дотно хэмжээнд нөхөрлөдөг вэ?

- Маш сайн хэмжээнд гэж хэлж болно. 

- В.Путин Ерөнхийлөгчийг хувь хүнийх нь үүднээс та юу гэж тодорхойлох вэ?

ГУРАВ: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ ОЛОЛТ БА ДУРСАМЖ - Copy

ДӨРӨВ: ЦАГ ҮЕ, СОНГУУЛЬ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДЛУУД

- 1993 онд шүүхийн тухай хууль баталснаас хойш 20 жилийн дараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Шүүхийн тухай багц хууль таны санаачлагаар хийгдсэн ажил. Гэхдээ шүүхийн шинэтгэл гэж асуухаас илүү таны найз С.Зориг агсны хэргийн талаар асуумаар байна. Монголд шударга шүүхийг бий болгох таны энэ амлалтыг найзын тань хэрэгтэй холбогдуулж асуумаар байна. Таныг шүүхэд, С.Зориг агсны хэрэгт нөлөөлж байна гэх хардалт их байгаа шүү дээ. 

- Алив хэргийг шийдэхэд захиалга өгөх, нэг хүний эсвэл нэг хэсэг хүн үүнд нь шалтгаалах боломжгүй. Манай хууль хяналтынхан тийм зүйл хийхгүй.  Тийм зүйл хийхгүй байх тийм чадвартай, сургамжтай болчихсон улс. 

- С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгчид нь тодроод захиалагчид нь тодорсонгүй. Энэ талаар та санаа тавьж, тодорхой мэдээлэл авах боломж байдаг уу?

- Энэ өөрөө түүх, домог болчихсон хэрэг. Хүмүүсийн ам дамжиж их яригдсан, ийм домог болчихсон хэргийг шийдэх өөрөө маш хэцүү. Нөгөө талаасаа шүүх, хуулийн асар том цогц үйл явцыг нэг үйлдлээр яагаад ч үнэлэх боломжгүй. Хүмүүс зөвхөн нэг л өнцгөөр асуудлыг харах гээд оролдоод байна. Энэ бол түмэн өнцөгтэй. 

Бүх асуудлаа зөв шийдчихсэн улс орон, ард түмэн гэж байхгүй. Харин асуудлаа зөв шийдэх аргаа олсон улс л гэж байдаг

- Зургаадугаар сарын 8-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсонг буруутгасан шийдвэр гараад байна. Үүнд бас таныг холбогдуулсан мэдээлэл гараад л байна. Ер нь “Эрдэнэт Үйлдвэр”-ийн наймаанд таныг анхнаас нь холбогдуулж ирсэн. 

- Шүүхийн тухайд нэмж хэлэхэд төрийн ажил гэдэг хүний л харилцаа юм. Явж, явж хүний харилцаа юунаас үүддэг вэ гэхээр хүмүүжлээс үүддэг. Зөв хүмүүжилтэй, зөв үзэл баримтлалтай байх юм бол тэр хүмүүсийн хэлж байгаа бүхэн үндэслэлгүй, хоосон цуурай болоод үлдэнэ. Ер нь шүүх, хуулийн байгууллага дээр гарч байгаа шүүмжлэлийн 99 хувь нь ямар ч үндэслэлгүй байдаг юм байна лээ. 

Германы, Олон улсын хөндлөнгийн байгууллагуудын судалгааны дүнгүүд ч байдаг. Намайг Ерөнхийлөгч болж байхад Монголчууд шүүхдээ итгэх итгэлийн хэмжээ 18 хүрэхгүй хувьтай байсан. Одоо 62 хувь гээд гарчихсан байна. Энэ хөндлөнгийн үнэлгээ. Үүгээр л дүгнэж болно.
 
Гэхдээ бид бүх ажлыг хийчихсэн гэсэн үг биш. Шүүмжлэлтэй зүйл байна гэдэг чинь сайжруулах юм үлдэж байна л гэсэн үг. Нэг хүний бүрэн эрхийн хугацаанд үүнийг шийднэ гэж байхгүй. Хамгийн гол нь асуудлыг шийдэх зөв аргаа олох нь чухал. Ер нь бүх асуудлаа зөв шийдчихсэн улс орон, ард түмэн гэж байхгүй. Харин асуудлаа зөв шийдэх аргаа олсон улс л гэж байдаг. Бид энэ арга руугаа нэлээд дөхсөн. Ялангуяа энэ шүүх эрх мэдэлтэй холбоотой арга хэмжээнүүд дээр. 

- “Эрдэнэт Үйлдвэр”-ийн наймааны тухайд та юу хэлэх вэ?

- “Эрдэнэт”-ийн хувьд миний хувийн оролцоо, нэг төгрөгийн ч хувь сонирхол байхгүй. Нэг жилийн дараа, арван жилийн тийм сонирхол байсан бол гараад л ирнэ. Хэрвээ миний ашиг сонирхол тэнд байгаа бол тэр нь ард түмнийх л болог. Би “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувь дээр ганц л зүйлийг үнэлсэн нь Монгол хүний зориг, хийморь. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирна гэж бодоод үнэхээр түүнийгээ Монголд аваад ирж байгаа бол энэ бол үнэлэх ёстой зүйл. 

Өөр бусад залруулах, эерүүлэх шаардлагатай мянган зүйл байж магадгүй. Тэрнийг хийцгээнэ л биз. Би хувьдаа гаднаас шороо атгаад ирж байгаа хүнийг үнэлдэг. Гадагшаа гараад амжилттай ирж байгаа Монгол хүнийг үнэлдэг.  Хууль дүрэмтэй холбоотой зүйлийг зөв л болгоно биз. 

- 49 хувийн наймааг хийх шийдвэр гаргах үйл явцад та ямар нэгэн байдлаар оролцсон уу?

- Юунд ч оролцох шаардлагагүй.

Зургийн цомог

Хүмүүсийн сэтгэгдэл

гарчиг

1993 онд шүүхийн тухай хууль баталснаас хойш 20 жилийн дараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Шүүхийн тухай багц хууль таны санаачлагаар хийгдсэн ажил. Гэхдээ шүүхийн шинэтгэл гэж асуухаас илүү таны найз С.Зориг агсны хэргийн талаар асуумаар байна. Монголд шударга шүүхийг бий болгох таны энэ амлалтыг найзын тань хэрэгтэй холбогдуулж асуумаар байна. Таныг шүүхэд, С.Зориг агсны хэрэгт нөлөөлж байна гэх хардалт их байгаа шүү дээ.