Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлох шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ийгл телевизийн Ерөнхий продюсероор ажиллаж байсан, тоймч Ц.Ганзориг томилогдлоо. Тэрээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан билээ.
Ц.Ганзориг нь эдийн засаг, улс төрийн мэдээ, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг бэлтгэдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн дээд шагнал “Грандбулл”-ын эзэн сэтгүүлч юм. Тэрбээр “Хэвлэлийн хүрээлэн”, “АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг” хамтарсан эдийн засгийн шилдэг бүтээл, шилдэг эдийн засгийн шагналыг хоёр ч удаа хүртэж байсан юм.
Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр “Ийгл” телевизийн ахлах продюсер, тоймч Ө.Золбаяр томилогджээ.
Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн. 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос өдийг хүртэл “Ийгл” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан.
Ө.Золбаяр нь улс төр, уул уурхайн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлч юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Үндэсний шуудан сонины эрхлэгч, Itoim.mn сайтыг үүсгэн байгуулагч Г.Отгонбаяр ажиллаж байсан бөгөөд өнөөдөр албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.