Гавьяат тамирчин Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн "Абу Даби" их дуулга өчигдөр эхэлж, Монголын хоёр жүдоч медалийн тавцанд гарсан. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа шигшээ барилдаанд Бразилын бөх Рафаэла Сильваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр дийлсэнээр аваргаллаа. Гавьяат тамирчин Д.Сумъяа түүнд жилийн өмнө олимпийн наадмын яг энэ даваанд ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан юм. Р.Сильва нутгийн дэвжээнд шүүгчдийн илэрхий дэмжлэгтэйгээр ялж байсан бол Абу Дабигийн тэмцээнд ийнхүү ялагджээ. Тэд зургаан удаа таарахад Д.Сумъяа дөрөвт нь ялсан удаатай. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртсэн юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан спортын алдартнуудад төрийн одон гардуулах ёслол болох бөгөөд Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар цол тэмдэг олгох болсон байна. Мөн чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, жүдо бөхийн тамирчин Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг гардуулна.