“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн нэг хэсэг нь Засвар, механикийн заводыг өргөтгөн шинэчилж, үндэсний машин үйлдвэрийн суурь болгон хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү төсөл хөтөлбөрийн цаашдын зорилтын талаар тус заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Танай цех машин үйлдвэрлэлийн завод болох том зорилт тавин ажиллаж байгаа. Цаг хугацааны хувьд хэдэн жилийн дотор энэ зорилт биеллээ олох вэ?
-Манай завод машин үйлдвэрлэлийн нэг хэсэг. Би энд нэг зүйлийг тайлбарлая. Ер нь машин үйлдвэрлэл гэдэг ерөнхий нэр юм. Зарим хүмүүс машин үйлдвэрлэл гэхээр өөрт хамгийн ойр автомашины тухай, нэг жийп машин эсвэл нэг авто техникийн тухай төсөөлөн боддог. Учир нь манай заводыг үзсэн техникийн мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй автомашин эсвэл юу ч гэмээр юм бэ дээ, дугуйтай явдаг машин хийж болох мэтээр асуудаг, бас хийж болно гээд л ярьдаг. Ихэнхтэй нь би санал нийлдэггүй. Манай заводын техник, технологийн онцлог боломж, зориулалтыг эхлээд сайн судалж ойлгох хэрэгтэй санагддаг. Машин үйлдвэрлэл бол олон салбартай. Эдгээр салбарыг дэмжиж, дагуулж хөгжүүлдэг, аж үйлдвэрийн томоохон суурь юм. Тухайлбал, авто машин үйлдвэрлэл, уул уурхайн машин үйлдвэрлэл, металлургийн машин үйлд-вэрлэл, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, барилгын машин механизм, суурь машин үйлдвэрлэл гэх мэт үргэлжилнэ. Тэгэхээр манайх өнөөдөртөө яг бүхэл бүтэн нэг машин үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй. Машин үйлдвэрлэл бол нэг машинд ордог бүх нэр төрлийн эд ангийг нэг газар, нэг дор хийдэггүй, тийм ч боломжгүй. Нэг машиныг бүрдүүлдэг эд анги, зангилааг хийж болох, хийдэг бусад чиглэлийн үйлдвэрүүдэд хийнэ. Тэгээд нийлүүлж угсраад ямар нэг машин үйлдвэрлэдэг. Ингэж бусдыгаа дэмждэг буюу үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх хамгийн боломжтой салбар. Засвар механикийн завод машин үйлдвэрлэнэ. Гэхдээ машин үйлдвэрлэхийн тулд зайлшгүй техник, технологийн шинэчлэл хийж суурийг зөв тавих хэрэгтэй. Энэ шинэчлэлийг хийх эхлэл, суурийг бид бий болгохыг хүсэж зорьж байгаа.
-Тэгвэл манай улсын хувьд ямар төрлийн машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зохилтой вэ?
-Монгол улс ямар төрлийн машин үйлдвэрлэлийн чиглэлийг хөгжүүлэх нь дээр вэ, гэдгийг маш нухацтай авч үзэх асуудал. Манай улсад машин үйлдвэрлэлийн суурийг тавихад, ямар түүхий эд боловсруулахад үр ашигтай, ач холбогдолтой, ямар боловсруулах үйлдвэрлэл хөгжиж байж бүтэн машин үйлдвэрлэх вэ гээд цаашлаад ямар эд анги сэлбэг, зангилаа хийх хэрэгтэйг зөв л тодорхойлох асуудал чухал юм. Би энд төмөрлөг боловсруулах, мөн металл боловсруулалтын талаар өөрийн ойлголтоо л товчхон ярьж байна. Айхтар их юм судалж мэдсэндээ хэлж байгаа юм биш. Засвар механикийн заводын технологийг үе шаттай, бодлогоор шинэчлэн сайжруулж уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги үйлдвэрлэдэг анхны зах зээлтэй болох чухал юм. Энэ нь цаашдаа бүс нутаг болон улсын хэмжээнд, өөрөөр хэлбэл Монгол улсын зах зээлд бүрэн утгаараа гарах хэрэгтэй. Тэгээд явцдаа ямар чиглэлийг түлхүү хөгжүүлж болох нь ойлгогдоно. Манай салбар олон улсын хэмжээнд хүрэх их хэцүү. Гэвч бид хөгжих ёстой. Ер нь хөгжлийн чиг хандлагаа зөв тогтоовол ирээдүйд бидний хүсээд байгаа төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбарын Монгол улсын чиг хандлагыг тогтоож чадна. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй гэсэн үг.
-Засвар механикийн завод үйлдвэрээс гадна, өөр байгууллагуудын захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юу?
-Манай завод анх Эрдэнэт үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийн хэвийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай механик боловсруулалттай болон цутгамал эд анги сэлбэг хэрэгсэл, металл хийц, стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үүрэгтэй байгуулагдсан. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж Төрийн өмчит үйлдвэрийн газар боллоо, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг аж үйлдвэрийн салбарууд хөгжиж байна. Энэ нь биднийг үйлдвэрлэл, аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, зорилтоо тодорхойлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг идэвхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллах нэг боломж гэж харж байгаа. Манай заводын тухайд хэд хэдэн томоохон харилцагч бий. Оюу толгой, Дархан төмөрлөгийн үйлдвэр болон 20 гаруй жижиг харилцагчдаас захиалга авч ажилладаг. Жижиг гэсний учир нь тэдний захиалгын давтамж цөөн, тоо хэмжээ бага тул тэр бүр ашигтай байдаггүй зардал өндөр гэсэн ч бидэнд өнөөдөр байнгын харилцагч хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монгол улсын зах зээлд үүссэн эдийн засгийн хямралаас үүдэлтэй харилцагчдын захиалга буурах, цөөрөх хандлага байна. Гэвч бид зах зээлээ өргөжүүлэх, харилцагчдын тоог нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл зах зээлээ идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Харилцагч, сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээ үзүүлэхэд стандартчиллын асуудал, үнийн оновчтой бодлого хэрэгтэй. Бид заводод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ өртгийг шинэчлэх, оновчтой боловсронгуй болгох, зах зээлийн үнэтэй нийцүүлэх талаар өртгийн шинэчилсэн аргачлалын бичиг баримтыг энэ улиралд багтаан боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
-Танай цехэд төсөл хөтөлбөрийн хүрээнд ямар томоохон ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Засвар механикийн заводын 2018-2031 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан, цаашид нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлага байгаа. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт манай заводод өргөтгөл шинэчлэл хийх талаар тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Засвар, механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх томоохон зорилт тавьсан байгаа. Ингэхээр урьдчилан боловсруулсан төслийг нарийвчилж, Монгол улсын зах зээлийн багтаамжид түшиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, нэр төрөл, тоог тогтоох гэх мэт судалгаа хийж, боломжийг тодорхойлох зорилготой. Үүн дээрээ тулгуурлаад, бид цаашид ямар техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх вэ, хэдий хугацаанд хэчнээн хэрийн хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх нь үр дүнтэй вэ гэдгийг тооцож гаргана. Техник эдийн засгийн урьдчилсан үндэслэлд ерөнхийд нь тусгасан байдаг бол нарийвчилсан төлөвлөгөө боловсруулснаар бидний ажил илүү тодорхой болно. Тиймээс бидэнд Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төсөл хийх техникийн даалгавар боловсруулах ажил хийгдэж байна. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулснаар бидний бүх зорилт төлөвлөгөө энд тусгагдана. Дээрх нарийвчилсан төслийг 2021 оны эхний хагас жилд боловсруулж дуусаад хэрэгжүүлэх ажилд орох ёстой. Мөн өнгөрсөн жилүүдэд бидний нэг зорьсон ажил бол үйлдвэрийн хэмжээнд элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах ямар хэрэгцээ шаардлага байна, гэдгийг судалж тогтоох байсан. Энэ ажлыг хийснээр элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах шинэ технологи нэвтрүүлэх, шинэ тасаг байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Үүнийгээ дээр өгүүлсэн техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан. Манай цех 2018 оны 5 сараас ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол амар ажил биш юм байна. Ажилтнуудын хандлага, сургалт хөгжлийг идэвхжүүлж, хэвшүүлэх гээд олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаа. Чанарын албатай ч болсон. Алба маань сайн ажиллаж байна. Уг стандартыг цехийнхээ онцлогт нийцүүлж, олон сургалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран амжилттай зохион байгуулж байна. Сургалт, хөгжүүлэлт бол дээр хэлсэн хандлагаас эхлүүлээд өдөр тутмын үйл ажиллагаандаа зөв хэрэгжүүлэх хэвшүүлэх үндэс нь болох юм. Металл судлалын орчин үеийн дижитал лаборатори байгуулах зорилт бас бий. Судалгаа, туршилт үйлдвэрлэл, инноваци гэсэн дараалалтай ийм төв байгуулж, инженерүүд өөрсдөө эрдэм шинжилгээний судалгаа, үйлдвэрлэлийн туршилт хийгээд явах боломж бүрдүүлэхээр зорьж байна. Манай салбарын хөгжил судалгаа шинжилгээ, туршилтгүйгээр урагшлахад бэрх. Ингэснээр инноваци хөгжих таатай суурь бий болох төдийгүй эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийдэг баг бүрдүүлж эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл гэсэн холбоосыг бий болгоно гэж бодож байгаа. Энэ ажлыг бид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Металлын лабораторийн бааз суурин дээр түшиглэж, хамтран ажиллана. Мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулна. Манай инженерүүд уг лабораторийн төслөө бичиж дууссан. Үүнийг бид бас техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлд тусгаж, хэрэгжүүлнэ. Энэ нь эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан үйлдвэрээ хөгжүүлэх дээрх бодлогын нэг үндэс гэж хэлж болно. Мөн заводын нэрийн бүтээгдэхүүнтэй болох зорилттой ажиллаж байна. Булангийн шинэ төрлийн шахуурга /насос/ хийх төсөл гарсан байгаа. Түүнчлэн үйлдвэрийн газарт хэрэглэдэг бүх төрлийн хаалтыг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байна, ямар төрлийн хаалт өргөн хэрэглэгдэж байна, бүгдийг биш гэхэд зохих түвшнийг нь хангах ямар боломж байна, гэдгийг судлан ажиллаж байна. Манай хамт олонд хийх ажил их байна. Тэднийг удирдан зохион байгуулж, амжилтад хүрэх нь хамгийн том ажил. Бидний хийх ажлыг үйлдвэрийн газрын удирдлага дэмжиж, заводын ирээдүйн хөгжлийн талаар зоригтой алхмууд хийж эхэлсэн. Бид хичээж ажиллах үлдсэнийг манай хамт олон сайн ойлгож яваа гэдэгт итгэж байна. Ер нь бид баг хамт олноороо зүтгэхэд ямар ч том ажлын ард гарна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.