Засвар механикийн заводын Механик цехийн онцлог нэгэн үйлдвэрлэл нь резинэн эдлэл. Жилд 140 орчим тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэ хэсгийнхэн түүхий резинээр 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Таван жилийн өмнөөс техникийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, 1000, 2000 тонны бүрэн автомат халуун пресс суурилуулж ашиглалтад оруулснаар импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл олширчээ. Резиний шинж чанарыг тодорхойлох лабораторитой болсон нь бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөөлсөн. Ажилчид нь Хятад, Тайвань, Герман, Турк улсаас технологи судлан резинийг хүйтнээр боловсруулах, ган хоолойн доторлогоо хийх, туузан дамжуургын өнхрөвчийг резинээр хуяглах, хээлэх гээд олон төрлийн дэвшилтэт технологи үйлдвэртээ нэвтрүүлсэн нь үр ашгаа өгч байна. Эндээс гарсан бүтээгдэхүүний 95 хувийг Эрдэнэт үйлдвэр өөрөө ашигладаг. Гаднын байгууллагуудаас захиалга ирэх боловч одоогийн хүчин чадал нь үйлдвэрийн газрынхаа резинэн эдлэлийн хэрэгцээг 60 хувь хангахаас хэтэрдэггүй. Үйлдвэрлэлд бэлтгэх зохион бүтээх хэсгийн дарга А.Ууганбаяр энэ чиглэлийн ажлаа танилцуулахдаа цаашид ажиллах хүчээ нэмэгдүүлэх, 2024 он гэхэд жилд 400 орчим тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна гэв. Үүний тулд үйлдвэрээ өргөтгөх, техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Зорилго биелсэн цагт үйлдвэрийн газрынхаа резинэн эдлэлийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, цаашлаад ижил төстэй уул уурхайн компаниудын эрэлтийг нийлүүлэх боломж бүрдэх юм.
Монголд анхдагч төдийгүй резинэн эдлэлийн хамгийн том үйлдвэрлэгч нь Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод юм. Эднийх хэдхэн грамм татах жижиг жийргэвчээс эхлээд 1,3 тонн жинтэй эд анги хүртэл үйлдвэрлэдэг. Хамгийн том нь төвөөс зугтах хүчний үйлчлэлээр ангилагч Гидроцеклон-1400 бөгөөд жилд дунджаар 50-ийг үйлдвэрлэж байна. Хэрэв үүнийг гаднаас худалдан авбал нэг бүр нь 100 орчим сая төгрөгийн үнэтэй. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр үүнийг өөрийн цехдээ хоёр дахин хямд зардлаар үйлдвэрлэж байна. Дараагийн том эд анги нь тээрмийн хуяг. Үүнийг хийснээр нэг тээрмээс 64 сая төгрөг хэмнэх болсон. Ухаалаг, үр ашигтай үйлдвэрлэл гэж энэ. А.Ууганбаяр дарга “Бид зах зээлийн ханшаас бага зэргийн илүү үнэтэй байсан ч үйлдвэрлэнэ. Учир нь нэг ч гэсэн монгол иргэн ажилтай, орлоготой байх нь чухал. Дотоодын түүхий эд үйлдвэрлэгч компанид дамаа олон хүн ажиллаж байгаа. Манайх их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл тэр хэрээр их түүхий эд авна. Тэр компани ашигтай, тогтвортой ажиллана гэсэн үг” гээд инээсэн юм. Түүний эх оронч үзлийг хүндэлмээр...
Тэд туршлагадаа үндэслэн резинэн бүтээгдэхүүний дотоод стандарт боловсруулан, орчуулгын хоёр ч гарын авлага ном гаргажээ.